Эрдэнэт үйлдвэрийн даваа гаргийн шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдан явууллаа. Бүтцийн цех, нэгжүүд өнгөрсөн 7 хоногийн ажил гүйцэтгэлийн мэдээлэл хийж, шинэ долоо хоногийн төлөвлөгөөгөө танилцуулав. Намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 298 ажил хийхээр төлөвлөснөөс өнөөгийн байдлаар гүйцэтгэл 85.1 хувьд хүрсэн байна. Үүнээс 211 ажил буюу 70.8 хувь нь 100 хувь хийгдсэн байгааг Үйлдвэрлэлийн хэлтэс мэдээллээ.
Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд барьж буй элсэн далан зургаан метр баригдаад байгаа бол Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөлийн ажил 46 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Дулааны цахилгаан станцад одоогийн байдлаар 13 мянган тонн буюу 10 хоногийн нүүрсний нөөцтэй байгааг станцын ерөнхий инженер мэдэгдлээ. Оюутын ордын нарийвчилсан хайгуулын хүрээнд 16198.8 метр буюу 29 цооногт өрөмдлөг хийгээд байна. Эдгээрийн 21 цооног дахь хүдэржилтийн шинжилгээний хариу гарсан аж.
Үйлдвэрийн ажилтнуудын энэ оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг ирэх 12 сарын 30-нд дуусах төлөвлөгөөтэй. Нийт 9000 гаруй хүн хамрагдахаас 6630 нь одоо ажиллаж буй ажилтнууд юм. Энэ сарын эхний долоо хоногийн байдлаар нийт ажилтнуудын 4607 буюу 69.4 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ. Баяжуулах үйлдвэр, Геологи хайгуулын экспедиц, Засвар угсралтын цех, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Чанарын хяналтын хэлтэс, Ус хангамжийн цех, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Спорт цогцолборын ажилтнуудын 90-ээс дээш хувь хамрагдаад байгаа бол “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Тээвэр, ложистикийн төв, Барилга засварын цех, Зураг төслийн хүрээлэн зэрэг бүтцийн цех нэгжүүд ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах, идэвхжүүлэх талаар санаачилгатай ажиллахыг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газраас анхаарууллаа.
Эрдэнэт үйлдвэрийн захиргааны зүгээс нэн түрүүнд ажилтнуудаа хохиролгүй болгох үүднээс “Уурхайчин-2” хороололд орон сууцны урьдчилгаа өгч хохирсон захиалагчдын хохирлыг барагдуулж, урьдчилгаа мөнгө, алдагдал хүүгийн хамт шилжүүлж эхэлснийг шуурхай зөвлөгөөний үеэр онцлов.
Энэ жил бороо хур ихтэй байснаас уурхайн бүс орчимд хүчиллэг ус ихээр хуримтлагдан гарч байгааг байгаль орчныг бохирдуулахгүй байхаас сэргийлэн даруй зогсоож, урьдчилан арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст үүрэг болгосноор ээлжит шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.















