“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженерийн баталсан удирдамжийн дагуу “Удирдлагын манлайлал” хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын сарын аян явагдаж байна. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн захиргаа, ХАБЭА-н товчооноос ажилчдаа сонсох цуврал уулзалт зохион байгуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж байна.
Өнөөдөр Өөрөө нунтаглах хэсгийн ажилчдаас ирсэн санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаагаа газар дээр нь танилцуулсан юм. Тус хэсгийн ажилчдын хувьд шөнийн ээлжээс буугаад халуун усанд ороход усны хүрэлцээ муу байжээ. Үүний шалтгаан нөхцөлийг тодруулах зорилтот шалгалт явуулж, халуун усны даралт, хэмийг шаардлагатай түвшинд байлгах зорилгоор буцах шугамын ажлыг хийж гүйцэтгэснээ танилцууллаа. Баяжуулах үйлдвэрийн ХАБЭА-н товчооны дарга Д.Бат-Эрдэнэ ажилчдадаа урам зориг өгөх, дэмжлэг үзүүлэх, санал гомдлыг шийдвэрлэх нь удирдлагын манлайллын нэг хэлбэр гэж ярьсан юм.
Баяжуулагчдыг сонсох уулзалт хуваарийн дагуу үргэлжилж, тэдний санал хүсэлтийг QR код ашиглан авч, асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.















