Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Эрдэнэт цогцолбор дээд сургууль боловсролыг дэмжих уриан дор “Эрдмийн уурхай” аяныг сарын турш өрнүүлж, хаалтын ажиллагаа зохион байгууллаа. Энэ үеэр тус сургуулийн үе үеийн төгсөгч, дэмжигчдийн уулзалт болж, нийт 300 гаруй төгсөгч, багш, ажилтан, дэмжигч байгууллагууд оролцлоо.
Уулзалтад Ерөнхий захирал Г.Ёндон мэндчилгээ дэвшүүлж, үе үеийн төгсөгчид болон багш хамт олон, оюутан залуустаа амжилт хүсэв. Төгсөгчдийн уулзалт сургууль, багш, шавийн залгамж чанар, бахархал, дурсамжаар үргэлжилсэн бөгөөд үе үеийн төгсөгчид сургуулийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, “Эрдмийн овоо” санд хандив өргөсөн юм.
“Эрдмийн уурхай” аяны хүрээнд олон цуврал арга хэмжээ зохиогдсон. Тухайлбал, үе үеийн төгсөгчид болон шинэ элсэгчдийн дунд сагс, гар бөмбөгийн тэмцээн болж, аваргуудаа тодруулсан байна. Мөн шинэ элсэгчдийн танилцах үдэшлэг, “Бидний бахархал” уулзалт зохион байгуулав. Эрдэнэт цогцолбор дээд сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд 13 хөтөлбөрөөр 180 оюутан, иргэн хөтөлбөрөөр 28 оюутан элсэн суралцаж байгаа бөгөөд элсэгчдийн танилцах үдэшлэгийн үеэр шилдэг анги, хамт олныг шалгаруулжээ.
“Бидний бахархал” уулзалтад Монгол Улсын гавьяат багш, доктор, ахмад багш Ш.Ганбат, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2005 онд МУИС-ийг Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгсөгч Д.Мөнхбат, МУИС-ийн ОАСС-ийг 2008 онд Англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгсөгч Т.Бэхцэцэг нар урилгаар оролцож, багш оюутнуудтай ярилцаж, туршлага дурсамжаа хуваалцсан байна.




















