Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, бүрэлдэхүүнд нь зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль ОХУ-ын Уралын Их сургуультай хамтран “2+2” хөтөлбөр хэрэгжүүлж, металлурги, металлын технологи мэргэжлээр оюутан элсүүлэн бэлтгэж байна. Металлургийн салбарын анхны үйлдвэрт ажиллах эхний 10 оюутан “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд орос хэлний бэлтгэлтэй гурван жил суралцаад, ОХУ-д үргэлжлүүлэн суралцахаар энэ сарын 15-нд эх орноосоо мордоно. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон Монголчуудын мөрөөдлийг биелүүлэх, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн анхдагч “ажилчид” болохоор алсыг зорьж буй оюутнуудтай өнөөдөр үдэлтийн уулзалт хийлээ. Тэдний яриа Оросын цаг уур, орчин нөхцөл, өртөг зардлаас эхлээд, ирээдүйд баригдах үйлдвэр, шинэ технологи, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн давуу талаар үргэлжилж, дэлхийн зэсийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэтийн төлвийн талаар мэдээлэл солилцсоноор халуун дотно өндөрлөв. Энэ үеэр Ерөнхий захирал Г.Ёндон оюутнуудад хандаж “Та бүхэн эх орноосоо том үүрэг даалгавар аваад явлаа. Миний хувьд та нарын өмнө үүрэг хариуцлага хүлээгээд үлдлээ. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулагдаад, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ороод, туршилтын үйлдвэрлэл дуусах шатанд явна. 2023 онд багтаад үйлдвэр барих гүйцэтгэгч компанийг сонгон, 2024 онд бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Цахилгаан болон усан хангамж, авто зам, төмөр зам гээд дэд бүтцийн асуудлыг шийдэхэд Эрдэнэт үйлдвэр 140 шахам тэрбум төгрөг зарцуулж байна. Та бүхний төгсөж ирээд ажиллах үйлдвэрийг барьж байгуулахад гол анхаарлаа хандуулна” хэмээн онцлоод сурлагын амжилт хүсэв.
Харин “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр ашиглалтад орох нь стратегийн асар их ач холбогдолтой. Тиймээс үйлдвэрт ажиллах анхны бэлтгэгдсэн инженерүүд болох та бүхэнд итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлээд, ОХУ-д байх хугацааны сургалтын болон оюутны байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал, амьжиргааны зардыг Эрдэнэт үйлдвэр хариуцаж байгааг дамрамд дуулгасан юм.
Уулзалтын дараа зарим оюутны сэтгэгдлийг сонслоо.
П.НОРОВПИЛ:
Үнэхээр баяртай байна. Анх энэ мэргэжлийг сонгохдоо ОХУ-д суралцахаар явна гэж төсөөлөөгүй. Уул уурхайн салбарынх л бол ямар ч мэргэжил байсан яахав гэж бодож сонгосон. Азаар анхны 10-ын нэг болж байна. Монголд хөгжих боломжтой шинэ мэргэжил гэдэг утгаараа бидэнд маш их боломж бий. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал бидэнд элэгсэг дотно зөвлөгөө, мэдээлэл өгсөнд баярлаж байна. Олон хүний итгэлийг алдахгүй, сайн суралцаад, сайн инженер болохын төлөө хичээнэ. Би Улаанбаатар хотод Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль төгссөн. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг сонгож, чухал мэргэжил эзэмшихээр шамдаж байгаа маань хувь тавилан юм. Оюутан залуусыг дэмждэг Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа.
А.БЯМБАЖАРГАЛ:
Эмэгтэй хүүхэд металлургийн чиглэлээр яагаад суралцаж болохгүй гэж гээд энэ мэргэжлийг сонгосондоо одоо үнэхээр баяртай байгаа. Хилийн дээс алхаж, шинэ орчинд орж суралцана гэхээс догдолж байна. Хичээл хэдийнэ эхэлчихсэн болохоор хоцрох вий гэхээс эмээж байна. Гэхдээ хэлний бэлтгэл сайн явагдсан болохоор итгэлтэй байгаа. Биднийг сургуулиа төгсөөд ирэхэд ажиллах үйлдвэр маань баригдаж байна. Тэгээд анхдагч болж ажиллана гэж төсөөлөхөд үнэхээр сайхан.
Б.БАТЗОРИГ:
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиралтай өнөөдөр анх удаа уулзлаа. Маш хэрэгтэй мэдээллүүдийг бидэнд өгсөнд баярлаж байна. Сайн суралцаад, уул уурхайн салбарт хэрэгтэй инженер болоорой гэсэн. Мэдлэгтэй, сайн инженер болохын төлөө хичээн суралцах болно. Би ерөнхий боловсролын сургуулиа Хөвсгөл аймагт төгссөн. 10-р ангид байхдаа металлургич мэргэжил сонгохоор шийдсэн. Математик, хими, физик гээд олон шинжлэх ухааны огтлолцол дээр ажилладаг сайхан мэргэжил. Өдий хүртэл дэмжсэн аав, ээждээ баярлалаа.















