2023 оныг Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газраас нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг сурталчлах жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Аж ахуй үйлчилгээний цехийн хамт олон цехээ сурталчлах сарын аянаа эхлүүллээ. Аяны хүрээнд хамт олныхоо ажил мэргэжлийг сурталчлах зорилгоор ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байранд ажлын онцлогоо харуулсан үзэсгэлэн гаргав.
Тус цех нь Монгол улсад анх удаа цэвэрлэгээ үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэн хоёр дахь жилтэйгээ золгож байна. Мөн нийтлэг үйлчилгээний удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа: “Аравдугаар сард Нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилчдын баярын өдөр тохиодог. Тиймээс бид энэ сарыг цехээ сурталчлахаар сонгосон. Цехээ сурталчлах сарын ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийнхээ 45 жилийн ойд зориулан 45 ховор давтагдашгүй цэцгийн үзэсгэлэн гаргалаа. Цэцгийнхээ савыг манай ажилчид өөрсдөө хийсэн. Энэ цэцгүүдээрээ үйлдвэрийнхээ 45 жилийн ойд бэлэг болгон барина. Түүнчлэн цэцгийг яаж бордох, яаж ургуулах, яаж арчлах талаар зөвлөгөө өгч байна. Монгол улсад анх удаа ЗГ-ын ордны Төр захиргааны үйлчилгээ эрхлэх газартай хамтран Цэвэрлэгээ үйлчилгээний ажилтны улсын уралдааныг энэ сарын 13-нд зохион байгуулах гэж байна. Энд 21 аймаг, 9 дүүргээс оролцоно. Үүнтэй уялдуулаад орон нутгийн нийтлэг үйлчилгээний удирдах ажилтны зөвлөгөөнийг мөн зохион байгуулна. Манай цех 127 ажилтантай. Эдгээр ажилчид үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэг, хоёр,гуравдугаар байрны гадна, дотно орчныг тохитой, цэвэр цэмцгэр байлгах үүрэг хүлээдэг. Химийн цэвэрлэгээ үйлчилгээ, сантехник, дулаан цахилгааныг хариуцан ажилладаг. Химийн цэвэрлэгээ үйлчилгээний хүрээнд ажилчдын хувцсыг угааж цэвэрлэх, урагдаж цоорсныг нь оёж засварлах, товч цахилгааныг нь хадаж бүрэн бүтэн болгох үйлчилгээ үзүүлж байна” гэв.















