ШУТИС-ийн харьяа, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Япон улсын Нагоя Их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бага ангийн сурагчдад зориулсан “Earth Class” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна.
“Earth Class” буюу Байгалийн шинжлэх ухааны танин мэдэхүйн хөтөлбөр нь Нагоя Их сургуулиас зохион байгуулдаг уламжлалт сургалт бөгөөд энэ жил Монгол хүүхдүүдийг хүлээн авч оролцуулсан нь анхны гадаад сурагчидтай хөтөлбөр боллоо. Энэ удаагийн хөтөлбөрт “Миний ертөнц” эссэ бичлэгийн уралдааны шагналт, Орхон, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын 7 сурагч, эцэг эхчүүд, сургагч багш нарын хамт оролцсон байна. Тэд, Нагоя Их сургуульд зочлон, тусгай хөтөлбөрөөр эртний хүмүүсийн ахуй амьдрал, ан ав, хоол хүнс бэлдэхдээ чулууг хэрхэн ашиглаж ирсэн тухай сонирхолтой түүхээс судалж, Кисо голын эргээс чулуун зэвсэг, хутга хийх боломжтой чулуу сонгон хутга хийж, түүгээрээ хоол бэлдэх дадлага сургалтад хамрагджээ. Мөн хөтөлбөрийн оролцогчид Нагоя хотын Шинжлэх ухааны музей, Нагоя Их сургуулийн музей, Токио хотод байрлах дэлхийн хамгийн өндөр цамхаг Sky tree, Фужи уул, Диснейлэндээр аялж, Япон найзуудтайгаа мартагдашгүй дурсамж бүтээснээ ярилаа.

Цаашид жил бүр хэрэгжих “Earth Class” хөтөлбөрийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Н.Манчук санаачлан эхлүүлсэн бол тус сургуулийн ахлах багш Г.Оюунсүрэн, Д.Байгальмаа нар сургагч багшаар бэлтгэгдэн, хөтөлбөрийг хариуцаж байгаа аж. “Earth Class” хөтөлбөр нь бага ангийн сурагчдад шинжлэх ухааны тухай ойлголт өгөх, ирээдүйд байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой. Хөтөлбөрт Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн сурагчид, байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой 9-11 насны хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийн хамтаар хамрагдах боломжтой юм.

“Earth Class” хөтөлбөр хэрэгжих нь хүүхдүүдэд багаас нь шинжлэх ухаанч мэдлэг олгох төдийгүй инженерчлэлийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлдэхэд чухал ач холбогдолтой гэж хөтөлбөрийн зохицуулагчид онцолж байна.

















