Д.ЦЭЦЭНБИЛЭГ: Бидэнд байгаа хамгийн хязгаарлагдмал нөөц бол цаг хугацаа, гоо сайхан, эрч хүч

Эрдэнэт үйлдвэр “Тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн, үндэсний баялгийг бүтээнэ” хэмээн эрхэм зорилгоо тодорхойлсон. Алсын хараа, эрхэм зорилго тодорхой байх нь байгууллагын хүрэх цэгийг илтгэж, зүг чиг заагч луужин болдог байна. Харин хувь хүн бүр эрхэм зорилготой, түүнд хүрэх алсын хараатай байх нь утга учиртай, зөв төлөвлөлттэй, сэтгэл хангалуун амьдралын эх үндэс болдгийг “Амьдрах стратеги” номын санаачлагч, стратеги судлаач Д.Цэцэнбилэг онцоллоо. Түүнтэй хийсэн ярилцлагыг шимтэн уншаарай.
-Хувь хүн эрхэм зорилго, алсын хараагаа тодорхойлох нь ямар ач холбогдолтой вэ?
-Байгууллагууд эрхэм зорилготой, зорилго нь ирээдүйд чиглүүлдгийн адилаар хувь хүн бүр хэзээ ч дуусахгүй, өөрчлөгдөхгүй эрхэм зорилготой байх нь нэн чухал. Хүмүүс өмнөө зорилго тавьж, түүндээ хүрсний дараа хоосон мэдрэмж авах нь бий. Харин миний хэлж ойлгуулах гэсэн утга санаа бол зорилго бус эрхэм зорилгын тухай, хүний амьдралын зорилгын тухайд хамаарч байгаа юм. Нэг чухал зүйл нь бидний амьдрал аливаад өгөх сэдэлтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, “Эрхэм зорилго” гэдэг нь таны оршин буйн учир шалтгаан буюу та юунд хувь нэмэр оруулахыг, ямар үнэ цэн бүтээхийг хүсэж байгааг хэлж байгаа юм. Таны амьд байгаа цаг үед хийж бүтээж байгаа зүйлээс тань хэн ямар өгөөж хүртээсэй гэж хүсэж байна вэ, гэдэг өгөх сэдэлтэй амьдралын зорилгоо тодорхойлох нь чухал. Би хувьдаа, “Шинжлэх ухаанч хандлагаар хүн өөрийгөө танин мэдэх, утга учиртай амьдрахад туслах үзэл санааг боловсруулан түгээх” эрхэм зорилготой амьдарч байна. Магадгүй, хүнд ямар нэг зүйл өгөх гээд байгаа нь миний эрхэм зорилгоос харагдах байх. 
Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Тэдгээр залуус ажил хөдөлмөр эрхэлж, ахуй амьдралаа авч яваа хэдий ч мэдсэн сурсан нөөц, залуу насаа энэ байгууллагад өгснөөрөө Монгол Улсынхаа ирээдүйн зорилгод хувь нэмэр оруулж яваа юм. Энэ үнэхээр тухайн хүний хүсэж байгаа зүйл мөн үү, хэрэв тийм бол эрхэм зорилгоо гаргаад харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хаана ажиллаж амьдрах, хэдэн хүүхэдтэй болох зэргээр хэзээ ч дуусахгүй, хугацаагүй зорилготой болохыг хэлээд байгаа юм.
-Залуучууд эрхэм зорилгоо эрт тодорхойлох нь амьдралын чанарт хэрхэн нөлөөлөх вэ?
-Бидэнд байгаа хамгийн хязгаарлагдмал нөөц бол цаг хугацаа, гоо сайхан, эрч хүч. Бид энэ хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хүсэл мөрөөдлөө хэрхэн яаж биелүүлэх вэ гэдгээ бодохгүйгээр энэ ч ажил гоё санагдаад, тэр ч ажил сайн цалин амлаад байвал би гэдэг хүн амьдрах боломжгүй болно биз дээ. Өөрөөр хэлбэл, тухайн хүн өөрт байгаа нөөц боломжоо танин мэдээд, утга учиртай амьдрахад алсын хараа, эрхэм зорилго зайлшгүй чухал. Хэрэв тухайн хүн аз жаргалтай, сэтгэл хангалуун, амжилттай амьдрахыг хүсэж байгаа бол өөрийгөө аль болох эрт танин мэдэж, эрхэм зорилго, алсын хараагаа тодорхойлох хэрэгтэй. Байгууллага хэрэгжүүлэлт дээрээ алдаа гаргавал хэчнээн сайн стратегитай байгаад хэрэггүй болдгийн адил өөрийгөө танин мэдээгүй байх нь хэтэрхий харамсалтай шүү дээ. Тухайлбал, би ямар сэтгэлийн гэмтэлтэй юм, миний зан үйл ямар вэ, би эерэг үү, өөдрөг үү, аль эсвэл гутранги хүн үү гэдгээ олж мэдэх хэрэгтэй. Эрхэм зорилгодоо хүрэхэд надаас гарах зан үйл, итгэл үнэмшил алдаатай байвал хэрэгжихэд саад учирна гэсэн үг л дээ. 
-Тэгвэл алсын хараагаа хэрхэн тодорхойлох вэ?
-Алсын хараа нь илүү авах сэдэлтэй байдаг. Би хэдэн жилийн дараа ямар болсон байх вэ гэдэг нь алсын хараанаас тодорхой болно. Эрхэм зорилго, алсын хараагаа тодорхойлоод гаргачихвал урсаж байгаа усыг хоёр эргээр хашаад авчихлаа гэсэн үг. Харин эрхэм зорилго, алсын хараагаа олж хараагүй залуучуудад, “Наад ажил чинь яах вэ, Англи руу гоё ажил байна” гээд хүн хэлбэл тэнд хүсэж байгаа зүйл нь байгаа эсэхийг үл хамааран “Англи явъя” гээд түргэн шийд гаргах нь бий. Тэгэхээр бид юу хүсэж байгаагаа гаргаж хараагүй бол бусдын тавьж байгаа санал болгон боломж юм шиг харагдаад, тэр боломжийг авчихвал амьдрал сайхан болчих юм шиг боддог. Дандаа бусдын зурсан зураг, бусдын гаргасан жим, бусдын зорьсон зорилгын дагуу явахаар тухайн хүн сэтгэл хангалуун байж чадахгүй болчихно. Тиймээс та яавал сэтгэл хангалуун, утга учиртай, аз жаргалтай амьдрах вэ гэдгээ тодорхойлоорой. Хүн бүрийн гараа өөр. Тухайлбал, миний насны нэг хүн надаас илүү амьдарч байвал түүнтэй өөрийгөө жиших нь буруу. Тэр хүн ямар гэрт төрж, ямар боломж эдэлснийг мэдэхгүй. Харин би ямар гараанаас гарсан, өнөөдрийг хүртэл хаана хүрсэн, үүнийгээ амжилттай гэж дүгнэж байна уу, үгүй юу гэдэг л миний хувьд чухал. 
-Хувь хүн эрхэм зорилго, алсын хараагаа тодорхойлохын тулд оношилгоонд орох ч юм уу, “коуч”-ээс зөвлөгөө авах хэрэгтэй юу?
-Бид аль хэдийнээ бий болсон учир өөрийгөө хаанаас ч эрж хайгаад олохгүй. Харин өөрийн дотоод ертөнцийг чимээлж, өнгийх учиртай. Юун түрүүнд, “Өнөөдрийг хүртэл энэ хүн юу хийж, ямар үйлдэл, ямар шийдвэр гаргаж, ямар сонголт хийж явсан юм бэ, би хэн юм бэ” гэдэг асуултаар өөрийгөө танин мэдэх хэрэгтэй. Хүмүүс өдөр бүр өөрийн хамгийн шилдэг хувилбараар амьдрахыг хүсэж байгаа. Би хэний ч дор орохыг, муу явахыг хүсэхгүй байна. Харин нууцгүй үнэн гэвэл, “Өнөөдрийн байгаа та бол хамгийн сайнаараа хичээсэн та” юм. Таны байгаа л энэ. Та ч тийм, би ч тийм. Гэхдээ маргааш та үүнээс илүү сайн байж болох уу гэвэл болно. Яаж гэвэл хөгжиж. Бид харин юугаа хөгжүүлж, яавал сайн байх вэ гэдэг нь алсын хараа, эрхэм зорилгоос ургаж гарах учиртай. Найзууд итали хэл сураад байхыг хараад “Би ч бас итали хэл суръя” гэвэл би чадахгүй. Учир нь миний цаг хугацаа хязгаартай. Бусад хүмүүсийн юу хийж, яаж амьдарч байгаа нь чухал бус, харин би юуны төлөө явах вэ, түүнд маань ямар нөөц хэрэгтэй вэ гэдгээ танин мэдэх, түүнд зориулан суралцаж чадсанаар хөгжих процесс явагдана. Миний харж байгаагаар үүнд нас хамаагүй, 60 настай хүн ч амьдралаа эхэлж болно. Хэн нэгэн танд өнөөдөр туслах ч, маргааш туслах боломжгүй. Тиймээс хувь хүн бүр бусдаас хамааралгүй амьдарч, амьдрах чадвараа сайжруулах хэрэгтэй. Сайхан амьдрахыг хүсвэл өөрийгөө л хөгжүүл.
-Хөгжихийн тухайд шат дараатай үйлдэл нь юу байж болох вэ?
-Маш энгийнээр хэлэхэд өөрийгөө танин мэд. Өнөөдрийн байгаа та “Та мөн үү” гэдгийг асуугаарай. Бодож байгаа бодол, хэлж байгаа үг, гаргаж байгаа үйлдэл тань Та мөн үү. Магадгүй энэ нь таны алдаатай итгэл үнэмшил юм биш биз. Та яг хэн бэ, танд ирж наалдсан бүхнийг олж харах хэрэгтэй. Энэ нь амар байхгүй ч хичээгээд үзээрэй. Үүнийг хийсний дараа яаж амьдрахыг хүсэж байгаагаа олох болно. “Амьдрал” гэж нэрлээд байгаа зүйл маань бидний төрөхөөс үхэх хүртэл оршихуйд оноож өгсөн нэр учраас бидэнд нөлөөлөөд байгаа зүйлгүй. Харин хэрхэн яаж амьдрахаа та өөрөө сонгоно, өөрөө шийднэ. 
-Амьдралын утга учрын тухайд та юу хэлэх вэ?
-Амьдралд утга учир гэж байхгүй, хайвал шашин руу орчихно. Харин хүн өөрийнхөө амьдралд утга учир онооно, таны амьдрах утга учир нэг өөр байхад минийх бас өөр. Энэ үзэл санаа надад маш их таалагдсан. Миний амьдралын утга учир юу вэ гэж хүмүүс бүх насаараа эрэл хайгуул хийдэг. Та хайгаад олохгүй бол өөрийн хийж байгаа, хүсэж тэмүүлж байгаа зүйлд утга оноо гэж хэлмээр байна. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа хэдий ч юуны төлөө ажиллаж байгаагаа мэдэхгүй бол, “Ийм зүйлд хувь нэмэр оруулж байгаа компанид ажилласнаар би ч бас ийм үнэ цэн бүтээж байгаа юм байна” гэж ухаарах явдал юм. Эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл, зарчмыг нь тодорхойлж өгдөг “Амьдрах стратеги” хөтөлбөрөө 4-5 жилийн хугацаанд бодож боловсруулан, 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Миний хувьд сургалт хийхээс гадна “ментор”-ын хөтөлбөрийг хувь хүн дээр хэрэгжүүлсэн чамгүй туршлага бий. 
-“Амьдрах стратеги” номын талаар товч танилцуулбал?
-Стратеги нь төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах зарчмаар явагддаг. Миний бие тухайн байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл, зарчим, зорилгыг тодорхойлох, стратеги боловсруулах чиглэлээр нэлээд олон жил зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Өнөө цагт стратегигүй байгууллага гэж байхгүй. Хувь хүн ч мөн бие даасан систем, тогтолцоо болохын хувьд стратегитай байх ёстой юм байна, бидний алдаж онож, сэтгэлээр унаж, эрсдэл гаргаад байгаа нь эрхэм зорилго, алсын хараа, зарчим байхгүйгээс болж байна гэдэг утгаар нь байгууллагын стратегийг бид хувь хүн дээр буулгасан юм. Номын үндсэн санаа, агуулга ч энэ тухай өгүүлдэг. 
-“Амьдрах стратеги судлаач” гэдэг нэр томьёо уншигчдад маань содон санагдах байх. Д.Цэцэнбилэг гэж ямар бүсгүй вэ?
-Хүмүүс намайг “Яасан сурч дуусдаггүй юм” гэдэг. Би Герман хэл судлалаар бакалавр, Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Одоо сэтгэл судлалын магистраа дүүргэхийн сацуу төрийн удирдлагын докторантаар суралцаж байна. Өөрийн үзэл санааг боловсруулахын тулд хүнийг олон талаас нь ойлгож судлахгүй бол болохгүй шүү дээ. Тэр ч утгаараа суралцсаар явна. Би өөрийн чадах зүйлээр бусдын амьдралд гэрэл гэгээ нэмэхийг хүсдэг.
-Сонирхолтой яриа өрнүүлж, үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
7
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %