Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч эрхэм уурхайчид аа!
Орхон аймгийн хүндэт иргэд ээ!
Та бүхэндээ Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
2023 онд Эрдэнэтийн-Овоо ордыг нээн илрүүлсний 60 жил, Эрдэнэт үйлдвэрийг байгуулах тухай анхны түүхэн хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, анхны баяжмалаа экспортод гаргаж, үйл ажиллагаагаа эхэлсний 45 жилийн ой тохиож байна.
Түүхэн энэ цаг хугацаанд ХХ зууны манлай бүтээн байгуулалт болсон, Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон бид Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийг цогцлоох, эх орныхоо нийгэм, эдийн засгийн амьдралыг дээшлүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, түүхэндээ тэмдэглэх амжилт бүтээлээр арвин ажиллалаа.
2022 оны ажлыг дүгнэхэд Эрдэнэт үйлдвэр 33.6 сая тонн хүдэр боловсруулж, 3.7 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улс, орон нутгийн төсөвт 1.78 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь түүхэндээ хамгийн өндөр бүтээлтэй ажилласан жил байлаа.
Энэхүү түүхэн амжилтыг 2023 онд ахиулж, 36.7 сая тонн хүдэр боловсруулж, 3.86 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улс, орон нутгийн төсөвт 1.66 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтоо 100-аас дээш хувиар биелүүлж, 858.3 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн амжилтаар бид Үндэсний их баяр наадмаа угтаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 7000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, өнгөрсөн жилийн дүнгээр тооцоход Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 6.3 хувийг, Монгол Улсын нийт экспортын 9.4 хувийг, улсын төсвийн орлогын 10.5 хувийг дангаараа бүрдүүлсэн нь улс эх орныхоо эдийн засгийн хөгжилд Эрдэнэт үйлдвэрийн оруулж буй хувь нэмрийг тод томруунаар илтгэн харуулж байна. Түүнээс гадна сүүлийн гурван жилийн дунджаар тооцвол Орхон аймгийн татварын орлогын 62 хувийг, Булган аймгийн хувьд 52 хувийг бүрдүүллээ. Мөн Орхон, Булган аймагтай байгуулсан Хамтран ажиллах гэрээ, төлөвлөгөөний дагуу зөвхөн сүүлийн таван жилд орон нутагт 27.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий хөрөнгө оруулалтын ажлуудыг хийлээ.
“Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн дагуу хүдрийн нөөцийг өсгөх, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр техник, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийх, инженерийн шугам сүлжээг сольж шинэчлэх, үйлдвэрлэлийг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинээр ажлын байр бий болгох зэрэг үйл ажиллагааны өргөн хүрээнд бүтээн байгуулалтыг өрнүүлж, 2023 онд дэвшүүлсэн “Их бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх” зорилтоо хэрэгжүүлэн ажиллаж байна.
Уул уурхай оршин тогтнохын үндэс нь хүдрийн нөөц юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Засгийн газрын 2022 оны 379 дүгээр тогтоолын дагуу Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх 6 тусгай зөвшөөрөл авч, хүдрийн нөөцөө өсгөх шинэ боломжийг бүрдүүллээ. Энэ оноос Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг эхлүүлээд байна.
Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудын 56 хувийг 40 хүртэлх насны залуус эзэлж, 43 хувийг 10-аас дээш жил ажилласан туршлагатай ажилтнууд бүрдүүлж байна. Уурхайчдынхаа нийгмийн хамгаалал, нийгмийн баталгааг хангах, уурхайчин залуучуудын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, мэргэжил дээшлүүлэх, сурах боломжийг нэмэгдүүлэх, амьдралын түвшнийг ахиулах зэрэг олон чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Нийт ажилтныхаа үндсэн ба тарифт цалинг 2023 оны 6 дугаар сарын 1-нээс 10 хувиар нэмлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 2031 он хүртэл хугацаанд нийт 100 сая мод тарих хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн жил Ойн генетик нөөцийн төвийг байгуулсан бол энэ онд Хөрсний инноваци, технологийн төвийг ашиглалтад оруулж байна.
Эрдэнэт үйлдвэр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан, 45 дахь жилдээ үр бүтээлтэй, амжилттай ажиллаж байгаа төдийгүй уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь бүтээн босгосон хариуцлагатай уул уурхайн томоохон төслийн сонгодог загвар юм.
Эрдэнэтийн уурхайчид бид энэхүү туршлага, хүрсэн амжилтаараа бүс нутагт болон орон нутагт хэрэгжүүлэх уул уурхайн төслүүдэд жишиг стандарт болж байгаа Эрдэнэт үйлдвэрээ цаашид олон жил үр бүтээлтэй ажиллуулж, улс эх орон, орон нутгийнхаа хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллаж байна.
Монгол Улсын бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг, ард түмний агуу түүх, нүүдэлчин соёл, ёс заншлын тод илэрхийлэл болсон Үндэсний их баяр наадамдаа уурхайчид, Орхон аймгийн ард иргэд, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн байгуулахад хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмадууд Та бүхэн эр бяр, хурд шандас, цэц мэргэний гайхамшгийг биширч, сэтгэл тэнүүн, сайхан наадаж, баярлахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал,
Геологи-минералогийн ухааны доктор (Ph.D) Г.ЁНДОН















