Ардын хувьсгалын 102, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 45 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн зарим ажилтанд Монгол Улсын Засгийн газрын шагнал гардуулах ёслол өнөөдөр Оюу танхимд боллоо. Энэхүү үйл ажиллагааг нээж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх хэлсэн үгэндээ, “Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхт ойн энэ жил уурхайчин хамт олон маань үйлдвэрлэлийн болон эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүлж, шинэ дээд амжилт тогтоож, Улс орон, төр засаг, төсвийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ. Мөн техник, технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулж байна. Энэ бүх амжилтад хамт олноо түүчээлэгч, олон жилийн бүтээлч хөдөлмөрөө Эрдэнэт үйлдвэрийнхээ төлөө зориулсан та бүхний хичээл зүтгэл, манлайлал чухал нөлөөтэй байсан” гэж онцлов.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Тэргүүний уурхайчин” цол, тэмдгээр Автотээврийн цехийн хүнд даацын автомашины засварчин Б.Эрдэнэ-Очир, цахилгаан хийн гагнуурчин Н.Батжаргал, Чанарын мэргэжилтэн Ж.Пүрэвсүрэн, Технологийн тээврийн автомашины засварын хэсгийн мастер Д.Дашчойжил, Уулын технологийн тээврийн хэсгийн мастер Б.Бат-Эрдэнэ, хүнд даацын машины жолооч С.Ганзориг, Хүнд даацын автомашины засварчин, жолооч Б.Болд, Тусгай зориулалттай машин механизмын засварын хэсгийн мастер Д.Бямбасүрэн, Автомашины засварчин Г.Батбаатар, ачигчийн жолооч С.Цогтбаатар, Ил уурхайн Өрөмдлөг, тэсэлгээний хэсгийн мастер Ц.Отгонбаяр, хяналтын механикч Д.Баасанжав, ХМТАЦ-ийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин С.Түвдэн, Хүний нөөц, захиргааны хэлтсийн ажилтан Т.Оюунчимэг, "Эрдэнэт" сувиллын цогцолборын эрчим зүйч Т.Гантөмөр, Чанарын хяналтын хэлтсийн чанар шалгагч Ц.Отгонбаяр, Баяжуулах үйлдвэрийн сантехникийн слесарь Э.Алтангэрэл нарыг шагнасан.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Жуух бичгээр Автотээврийн цехийн хүнд даацын автомашины засварчин Б.Эрдэнэбулган, Л.Ууганбаатар, хүнд даацын автомашины агрегат засварчин Б.Наранхүү, Ил уурхайн хүнд даацын дугуйт ачигчийн машинч Б.Цэдэндамба, экскаваторын жолооч С.Одонбаатар, гүүрэн краны машинч Б.Адъяахүү, Засвар, угсралтын цехийн цахилгаан хийн гагнуурчин Ү.Дагвадорж нарыг шагнав.
Эрчим хүчний “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Зураг төслийн хүрээлэнгийн инженер Б.Ганшишгэд, Автотээврийн цехийн тоног төхөөрөмжийн засварчин И.Энхмөнх, Эрчим хүчний яамны Жуух бичгээр Ус хангамжийн цехийн баллон ачигч С.Энхтайван, Ил уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаанчин У.Отгонбат нарыг шагнаж урамшуулав.
Түүнчлэн, Мэдээлэл харилцаа холбооны “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Мэдээллийн технологийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Б.Мөнхцэцэгийг шагналаа. Шагналыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, Стратеги, хөгжлийн газрын дарга П.Энхбат, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ш.Мөнгөншагай нар гардуулав. Энэ үеэр шагнагдсан зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
ХМТАЦ-ийн тоног төхөөрөмжийн засварчин С.Түвдэн:
Өнөөдөр би Засгийн газрын шагнал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулж байгаадаа баяртай байна. Эрдэнэт үйлдвэрт олон жил ажилласан хөдөлмөрийг минь үнэлсэн хамт олондоо баярлалаа. Би гагнуурчин, тоног төхөөрөмжийн засварчны хос мэргэжилтэй. Эрдэнэт үйлдвэртээ 30 шахам жилийн хөдөлмөрөө шингээж яваадаа бахархдаг. Эрдэнэт хотын иргэддээ, Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтнууддаа, Төрийн их баяр наадмын мэнд дэвшүүлье.
Ил уурхайн тэсэлгээний мастер Ц.Отгонбаяр:
Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхт 45 жилийн ойн босгон дээр энэ сайхан шагналыг хүртсэндээ баяртай байна. Би Эрдэнэт үйлдвэртээ 17 дахь жилдээ ажиллаж байна. Уул уурхайн тэсэлгээ гэдэг бол тэсрэх бодис, хэрэгсэлтэй харьцаж ажилладаг учраас ХАБ-ын болон бусад дүрэм, журмыг чанд баримталж, аюулгүй ажиллах нэн шаардлагатай онцгой мэргэжил. Улс орны эдийн засгийн багагүй хувийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрээрээ, уурхайчин мэргэжлээрээ бахархдаг. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтнууддаа Төрийн их баяр наадмын мэнд дэвшүүлье. Та бүхэн сайхан наадаарай.
Ил уурхайн Засварын хэсгийн краны машинч Б.Адъяахүү:
Улсын их баяр наадмын босгон дээр хөдөлмөрөө үнэлүүлж, хүндтэй шагнал авч байгаадаа туйлын их баярлаж байна. Хамт олондоо, удирдлагууддаа баярлалаа. Би Эрдэнэт үйлдвэрт 13 дахь жилдээ краны машинчаар ажиллаж байна. “Тэнгэрт суудалтай бүсгүй” гэгдэж, энэ сайхан мэргэжлээр ажиллаж, олон шавьтай болж байна. Улсдаа төдийгүй олон улсад танигдсан энэ аварга үйлдвэрт ажилладгаараа үргэлж бахархдаг. Та бүхэн минь хотол олноороо сайхан наадаарай.















