Орхон аймгийн Химичдийн холбоо элсэлтийн ерөнхий шалгалтад химийн хичээлээр өндөр оноо авсан есөн сурагч, тэднийг бэлтгэсэн таван багшийг шагнаж урамшууллаа. Энэхүү үйл ажиллагаанд “Эрдмин” ХХК ивээн тэтгэгчээр оролцож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжээ тэдэнд бэлэглэсэн юм. Орхон аймгийн Химичдийн холбоо химийн хичээлийг сонирхон судлагчдын тоог нэмэгдүүлэх, энэ хичээлийг сонгон судалж буй сурагчдад урам, дэм өгөх зорилгоор олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүний нэг нь элсэлтийн ерөнхий шалгалтад 700-аас дээш оноо авсан сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарыг 2021 оноос шагнаж урамшуулж ирсэн.

Орхон аймгийн Химичдийн холбооны тэргүүн Р.Улаанхүү: “Орхон аймаг бол хамгийн олон химичтэй аймаг. Мөн олон химийн үйлдвэртэй. Улс орондоо төдийгүй олон улсад танигдсан 45 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэр бол химийн үйлдвэр. Манай аймагт Химийн Гавьяат багш дөрөв байдаг. Энэ бол бидний бахархал. Ер нь химийн салбар эрчимтэй хөгжиж байж, үйлдвэрүүд олноор байгуулагдаж, улс орны хөгжил хурдасна. Иймээс химийн ухааныг судлан суралцаж буй хүүхэд залуус улс орны ирээдүйг тодорхойлно. Тийм болохоор бид ирээдүйн химичдэдээ урам дэм өгөх зорилго өвөртөлдөг юм” гэж ярилаа.
Энэ үеэр багш, сурагчид Химичдийн холбооныхонд талархлаа илэрхийлэхийн сацуу, жилээс жилд химийн хичээлийг сонгон суралцаж, улмаар энэ мэргэжлээр их дээд сургуульд элсэгчдийн тоо нэмэгдэж байгаа. Үүнд манай аймгийн химичдийн холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагааны нөлөө ч бий гэж онцлов.
Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалтын химийн судлагдахуунаар Орхон аймаг Улсдаа тэргүүлсэн юм.



















