“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022-2026 оны дунд хугацааны стратегийн төлөвлөгөөнд “Эрсдэлийн удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, нэвтрүүлэх”, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Үйлдвэрийн газрын эрсдэлийн үнэлгээний нийтлэг журам, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, гарын авлага боловсруулах, эрсдэлийн мэдээллийн сан бүрдүүлэх” ажлууд тусгагдсан.
Тус ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Эрсдэлийн удирдлагын журам боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/427 дугаар тушаалаар Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийг төлөөлж 21 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг томилогдлоо.
Ажлын хэсгийн анхны хурал энэ сарын 04-ний өдөр “Зэс” танхимд зохион байгуулагдаж, хурлаар “Эрсдэлийн удирдлагын журам” боловсруулах ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, баталлаа.
Ажлын хэсгийн ахлагч, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин хурлын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд “Эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо”-г бүрдүүлэх нь үйлдвэрийн газрын эрхэм зорилгыг биелүүлэхэд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хариу арга хэмжээ авах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, оролцогч талуудын чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын ажлыг төлөвлөж гүйцэтгэх, үйлдвэрийн газрын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн оролцоо чухал ач холбогдолтойг онцоллоо.
Ажлын хэсгийн гишүүд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг 2023 онд багтаан хийж, гүйцэтгэхээр зорилт тавин ажиллаж байна.















