Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилдээ нэг удаа бүрэн зогсож, төлөвлөгөөт их засварын ажлыг гүйцэтгэдэг. Энэ жилийн “их зогсолт”-ын бэлтгэл хангах Ажлын хэсгийн сүүлчийн хуралдаан өчигдөр болж, их засварын бололцоо нөхцөл хангагдсан, хүн хүч, техник бэлтгэгдсэн, шаардлагатай сэлбэг материалын худалдан авалт хийгдсэн тул үйлдвэр бүрэн зогсоход бэлэн болохыг цехийн дарга нар үйлдвэрийн удирдлагуудад илтгэлээ. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүд хагас жилийн турш “их зогсолт”-д бэлтгэж, их засварын үед хийх ажлыг төлөвлөгөө гарган батлуулж ажилласан. Тухайлбал, Чанарын хяналтын хэлтэс хэмжих хэрэгслүүдийн хяналт тохируулгыг бүрэн хийж, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар “их зогсолт”-д шаардлагатай 610 нэр төрлийн бараа материалын 78 багц тендерийг зохион байгуулжээ. Худалдан авалт хэдийгээр оройтож эхэлсэн ч хангамжийн асуудлыг сайн үзүүлэлттэй шийдвэрлэсэн Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтнүүдэд Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг онцгойлон талархал дэвшүүлсэн. Харин хугацаандаа амжиж ирээгүй, үйлдвэрийн газрын нөөцөөс ашиглах сэлбэг хэрэгсэл, бараа материал нөхөгдөх ёстой гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх анхааруулсан. Мөн үйлдвэрлэлийг горимын дагуу зогсоох, цэвэрлэгээ үйлчилгээ, хэмжилт тохируулга, их засвар, хяналт шинжилгээг чанарын өндөр түвшинд хийж, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгоод, амжилт хүслээ.
Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 18:00 цагаас эхлэн 48 цаг бүрэн зогсож, бүтэн ажил тасралтгүй, найдвартай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх их засварын ажлаа гүйцэтгэж эхэлнэ. Үүнд Явцын штаб хяналт тавьж, цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллах юм.
Эрдэнэт үйлдвэр “их зогсолт” хийхэд бэлэн боллоо
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















