Мэдээллийн технологийн хэлтсээс үйлдвэрийн газрын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээлэл технологийн төлөвлөгөөт ажлын хүрээнд улсаас иргэнд үнэ төлбөргүй олгосон тоон гарын үсгийг байгууллагын дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хөгжүүлэлт хийх ажил дуусгасан. Ингэснээр эхний ээлжинд албан хэрэг хөтлөлт, томилолт үүсгэхдээ заавал суурин компьютер ашиглахгүйгээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран гар утаснаасаа нэвтэрч, баталгаажуулах боломж бүрдэж байна. Тиймээс бүтцийн нэгжийн удирдлагууд нийт ажилтнуудаа тоон гарын үсэгтэй болгох, нөхөж авч өгөх ажлыг яаралтай зохион байгуулж, бүрэн хамруулах талаар Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Гансүх мэдээлэл хийлээ. Өмнө нь тодорхой технологийн компаниас тоон гарын үсэг авахад өндөр зардал зарцуулдаг байсан бол одоо мэдээллийн технологийн ажилтнууд ямар нэг зардалгүйгээр өөрсдөө хөгжүүлэлт хийж, цахимжуулсан нь эдийн засгийн өндөр үр ашигтай, дэвшилтэт ажил болжээ. Түүнчлэн тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны үйл ажиллагааг цахимжуулах, хиймэл оюун ухаан нэвтрүүлэх, үйлдвэрт ашиглагдаж буй нийт албан хэрэг хөтлөлт, хурлын тэмдэглэл, дуу дүрсийг цаасан дээр буулгах зэрэг ажлыг зохион байгуулж, туршиж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор бүтцийн нэгжүүдийн албан хэрэг хөтлөлт болон бичиг хэрэг, үнэлгээний хорооны ажилтнуудад энэ сарын 20-ны өдөр Ерөнхий захиргааны 1, 2-р байранд сургалт зохион байгуулж, хиймэл оюун ухаан ашиглах технологийн талаар танилцуулга хийв. Энэхүү технологи нэвтэрснээр хурлын тэмдэглэл болон бусад албан ажлын дуу бичлэгийг цаг хугацаа алдахгүйгээр цаасан дээр шуурхай буулгах боломж бүрдэх юм.
Хиймэл оюун ухаан ашиглан албан хэрэг хөтөлнө
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















