Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны газар, хэлтсийн ажилтнуудын дунд “Спортын наадам-2023” тэмцээн амжилттай болж өнөөдөр өндөрлөлөө. Уг тэмцээн сагсан бөмбөг, волейбол, дартс, буухиа гэсэн спортын дөрвөн төрлөөр зохион байгуулагдсан.
Тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 8 багийн эрэгтэй 215, эмэгтэй 196 ажилтан оролцсон бөгөөд нийт оноогоор Дотоод хяналт, мониторингийн хэлтэс, Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн хэлтсийн хамтарсан “8-р баг” тэргүүн байр эзэлж, цом, мөнгөн шагнал хүртэв. Дэд байрт Хүний нөөц, захиргааны хэлтэс, Геологи, маркшейдерийн хэлтэс, Үйлдвэрлэлийн хэлтсийн “7-р баг” шалгарлаа. Гутгаар байрыг Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газар, Гадаад харилцаа, экспортын хэлтсийн “3-р баг” эзлэв.
Шагнал гардуулах үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон тамирчдад хандан, “Эрдэнэт үйлдвэр өндөр төлөвлөгөө, зорилттой ажилладаг. Ийм ажлыг удирдаж буй газар, хэлтсийн ажилтнууд бол энэ үйлдвэрийн “тархи” нь юм. Аливаа хүнд тархинаас гадна биеийн эрүүл мэнд чухал. Спорт хүмүүсийг эв нэгдэлтэй байлган, талбайд цэвэр шударга өрсөлдүүлдэг. Тэгвэл талбайн гадна хүмүүс харилцан бие биетэйгээ ойлголцож байдаг. Өөрөөр хэлбэл, харилцан бие биеэ мэдэрдэг ач холбогдолтой. Энэ утгаараа миний бие уг тэмцээнийг эхнээс нь дэмжсэн. Уламжлал болгон явуулдаг энэ тэмцээнийг цаашид ч зохион байгуулах ёстой. Спорт хүнийг хариуцлагатай, хувийн сахилга баттай, тэсвэр хатуужилтай болгодог. Спортоос оюуны болоод бие бялдрын хүмүүжил олж авдаг. Спортоор хичээллэсэн хүн ажилдаа эрч хүчтэй, урам зоригтой байдаг. Тиймээс би нийт ажилтнууддаа хандан спортоор идэвхтэй хичээллэхийг уриалж байна. Спорт хүний биеийг цэвэршүүлж, эрүүлжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Аливаа спортод нэг нь ялж, нөгөө нь ялагддаг жамтай. Тэгэхдээ тухайн спортын тэмцээнээс ямар нэг сургамж үлддэг. Энэ удаа ялагдсан баг дараачийн тэмцээнд идэвх зүтгэлтэй оролцож амжилт гаргах сэтгэл тээж явах болдог. Ялсан баг гаргасан амжилтаа бататгахын төлөө явдаг. Тэгэхээр спортын тэмцээнд ганц ч гэсэн онооны төлөө өрсөлдөж байсан шигээ ажлын талбар дээр амжилтын төлөө үргэлж зүтгэж явахыг хүсэн ерөөе” гэв. Энэхүү “Спортын наадам-2023” тэмцээнийг Хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагааны бодлогын газар, Дотоод хяналт, мониторингийн хэлтэс хамтран, амжилттай зохион байгууллаа.















