Тасралтгүй, зогсолтгүй горимтой үйлдвэрлэлд тасралтгүй сайжруулалт хийгдэх учиртай. Энэ бол чанар, түүнийг зохицуулах менежмент юм. Товчхондоо чанарын менежментийн тогтолцооны үндсэн ойлголт энэ. Эрдэнэт үйлдвэрт чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх ажил 2022 онд тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу албан ёсоор эхэлж байсан бол өнөөдөр эл төслийн үр өгөөж, ач холбогдлыг үнэлж дүгнэх, цаашид хэрхэн үргэлжлүүлэн авч явахаа хэлэлцэв.
Төслийн явцад үйлдвэрийн 44 бүтцийн нэгжийн үйл ажиллагааг хамруулж, төслийн үндсэн багт 168 ажилтан ажиллаж, 8 сарын хугацаанд амжилттай гүйцэтгэсэн байна. Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх уг төслийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн SWOT дүн шинжилгээг боловсруулан, хамрах хүрээг тодорхойлж, амлалтын тунхаг бичгийг баталсан. ISO 9001:2015 стандартын хүрээнд үйлдвэрийн хуулийн болон зохицуулалтын нийцлийн үнэлгээг нэгтгэн боловсруулж, 44 нэгжийн процесс зураглалыг гаргажээ. Мөн чанарын гарын авлагыг шинэчлэн, 11 журмыг төсөлтэй холбогдуулан шинээр болон шинэчилэн боловсруулсан байна. Төслийн хүрээнд 20 сургагч багш бэлтгэж, дотоод аудиторын сургалтад хамруулж, гэрчилгээ гардуулжээ.
Ийнхүү, Эрдэнэт үйлдвэрийн бүх бүтцийн нэгжид ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны төслийг амжилттай хэрэгжүүлснээр цаашид Олон улсын стандартын баталгаажуулалт хийлгэх үе шатны бэлтгэл бүрэн хангагдаж байгаа юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, чанарын менежментийн тогтолцооны төслийн ач холбогдлыг үнэлж, төслийн багийнханд амжилт хүссэн бол тус төслийн хэрэгжилтэд зөвлөх үйлчилгээ үзүүлэн, хамтран ажилласан “ОБЗЕРВСТАР” ХХК-ийн Захирал Д.Отгонбат, олон улсын стандартад нийцүүлэн чанарын бодлогоо тодорхойлж буй Эрдэнэт үйлдвэрийнхэнд халуун баяр хүргэсэн юм.
Түүнчлэн, энэ үеэр төслийн сургагч багш нарт гэрчилгээ, батламж гардууллаа. Мөн төсөл хэрэгжүүлэх хугацаанд үлгэрлэл, хүчин чармайлт, идэвх оролцоо, гүйцэтгэлээрээ манлайлан оролцсон Засвар, механикийн завод, Геологи, маркшейдерийн хэлтэс, Засвар, угсралтын цехийн хамт олонд Зөвлөх компанийн зүгээс талархлын цом гардуулж, Стратеги, хөгжлийн газар, Чанарын хяналтын хэлтэст тус бүр нэг сая төгрөгийн үнэ бүхий сургалтын эрхийн бичиг олголоо. Харин тус төслийг хэрэгжүүлэх хугацаанд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн дэмжин ажилласан “ОБЗЕРВСТАР” ХХК-ийн хамт олонд Чанарын менежментийн тогтолцооны цом, бэлэг дурсгалыг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс бэлэглэж, талархал илэрхийлэв. Төсөл хэрэгжүүлэгч багийнхан болон чанарын мэргэжилтнүүд, үйлдвэрийн ажилтнуудад “Манлайлал ба амжилт” сэдвээр лектор, илтгэгч Н.Амарбаясгалан илтгэл тавьж, тасралтгүй сайжруулалт, хичээл зүтгэл нь амжилтад хөтөлдөг гэдгийг ахин онцоллоо.















