Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж байгаатай холбоотойгоор шинэчлэл, өргөтгөлийн ажил үргэлжилсээр байна. Баяжуулах үйлдвэрийн төв корпусыг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг 110/6/6 кВ-ын хүчдэлийн дэд станцын хоёр трансформаторыг сайжруулан шинэчлэх ажил ид хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехэд 45 жил тасралтгүй ажилласан, ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 63 мВа-ын чадалтай хуучин трансформаторыг БНХАУ-д үйлдвэрлэсэн, диспетчерийн SCADA системтэй холбох боломжтой, 80 мВа-ын чадалтай, орчин үеийн трансформатораар шинэчлэн сольсноор цахилгаан хангамжийн найдварт ажиллагаа сайжирна. Одоогоор Цахилгаан цехийн ажилчид хуучин трансформаторыг байрнаас нь гаргаж, гүйцэтгэгчээр шалгарсан “Электрикком” компанийг шинэ трансформатор угсарч, суурилуулах нөхцөлөөр ханган ажиллаж байна. Эхний Т1 трансформаторыг үйлдвэрийн “их зогсолт”-ын өмнө туршиж, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй, гэж Цахилгаан цехийн үйлдвэрлэлийн инженер Б.Хаш-Эрдэнэ ярилаа. Тэд трансформаторын реле хамгаалалт, автоматикийн тавилт, тооцоо, монтаж угсралтууд болон ашиглалтын хэмжилт, туршилтыг хариуцан ажиллаж байна. Үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах үүднээс эхний трансформаторыг ажилд оруулан сэлгэн залгалт хийж байж дараагийнхыг суурилуулах юм.
















