Эрдэнэт үйлдвэрийн цехүүд хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Говил багийн 2-р цэцэрлэгийн хүүхэд, багачуудыг аюулгүй орчинд сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ ажлын хүрээнд цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, байгаль орчныг хамгаалах зорилгоор агаарын чанарын суурин станцыг Говил багийн цэцэрлэгийн хашаанд байрлуулсан аж. Мөн Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Засвар, угсралтын цех, Барилга засварын цех хамтран 2-р цэцэрлэгийн автомашины зогсоолыг өргөтгөн засжээ. Түүнчлэн, явган хүний гүүрэн гарц байрлуулсан нь хүүхэд, багачууд цэцэрлэгтээ ирж, буцахдаа аюулгүй замаар зорчих боломжтой боллоо. Говил багийн 2-р цэцэрлэгийн биеийн тамирын талбайг орон нутгийн төсвийн хөрөнгөөр тохижуулсан бөгөөд цементэн шалтайгаас хүүхэд гэмтэж бэртэх эрсдэлээс сэргийлэн Барилга засварын цехийн ажилчид резиний будгаар будаж, ая тухтай орчныг бүрдүүлэв. Дашрамд тэмдэглэхэд, тус цэцэрлэгийн хоёр бүлэгт 20 гаруй хүүхэд зуны хөтөлбөрт хамрагдан, хичээллэж байна.


















