Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн олборлолтын нөөцийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажил явагдаж байна. Энэхүү хайгуулын ажил гурван жил үргэлжилнэ. Одоогийн байдлаар 4202 метр өрөмдлөгийн ажил хийжээ. Эрдэнэтийн-Овоо ордын хүдрийн бүс нь баруун хойшоо чиглэн 1,5-3 км өргөн, 25 км үргэлжлэн тогтсон, дөрвөн хэсэг бүлэг ордоос бүрддэг. Бүлэг ордын нэг, Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажил энэ оны 5-р сард эхэлсэн. Эрдэнэтийн-Овоо ордыг анх 1963 онд Чех, Монголын геологичид нээж, тус орд газарт урьдчилсан хайгуул хийсэн түүхтэй. Орд газрыг нээснээс 60 жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд орчин үеийн геологи хайгуулын аргачлал, техник, технологи ашиглан Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг гурван жил хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн Оюутын ордод 1981-1985 онд эрэл үнэлгээ хийгдэж, 1986-1990 онд Монгол, Оросын геологичдын хамтарсан баг урьдчилсан хайгуулын ажил хийсэн байна. Нийт хил хязгаарт 80 орчим цооног байдгийн 40 орчим нь хүдэржилттэй гэж дүгнэжээ. Нарийвчилсан хайгуул нь орд газрыг ашиглаж, олборлоход бэлтгэл шат юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий геологич Д.Алтанхуяг: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл болон үйлдвэрийн газрын геологи хайгуулын бодлогын бичиг баримтад нөөц нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ ажлын хүрээнд Оюутын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн-Овоо стратегийн ордод ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч, Оюутын ордын нарийвчилсан хайгуулыг эхлүүлсэн. Манай үйлдвэр сүүлийн жилүүдэд геологи хайгуулын ажилд 30 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хайгуулын ажлыг эрчимжүүлсний үр дүнд 2021 оны 1-р сарын 1-нд хүдрийн нөөцийг шинэчлэн, Олон улсын Жорк стандартаар 2,9 тэрбум тонн хүдрийн нөөцтэйг тогтоосон. Тогтоосон нөөц баялгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, Эрдэнэт үйлдвэр цаашид өнөөдрийн хүчин чадлаараа 60-70 жил ажиллах боломж бүрдсэн юм” гэв.
Оюутын ордын нарийвчилсан хайгуул гурван жил үргэлжилнэ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















