Жил бүрийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаан дээр "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийг 3.2-оос дээш үнэлгээний голч дүнтэй төгсөж буй төгсөгчдөд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлал үргэлжилж буйг Ерөнхий захирал Г.Ёндон батламж гардуулахын өмнө тодотгож, Ерөнхий инженер Т.Батмөнхийн хамт онц төгсөгч оюутнуудыг Зууны манлай үйлдвэрийн ажлын байранд урьсан юм. Энэ хаврын төгсөлтөөр тус сургуулийг Мэдээллийн технологи мэргэжлээр төгсөж буй Б.Ганбат, Г.Мөрөн нар дээрх болзлыг хангажээ. 2022-2023 оны хичээлийн жилд Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг Мэдээллийн технологи мэргэжлээр үнэлгээний голч 3.51 дүнтэй төгссөн Б.Ганбат, үнэлгээний голч 3.26 дүнтэй төгссөн Г.Мөрөн нарыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажлын байраар хангахаар батламжилсныг эл эрхийн батламжид дурдсан байна. Энэ үеэр ШУТИС-ийн захирал, доктор, профессор Т.Намнан нийт төгсөгч, багш ажилтнууд, зочдод төгсөлтийн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр, "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль бол жинхэнэ утгаараа үйлдвэр, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын уялдаа холбоог хангасан цорын ганц тогтолцоо, статустай сургууль. Тиймээс ч энэ сургуулийн төгсөгчид шууд ажлын байранд шилжих түвшний мэдлэг ур чадвар, дадлагыг олон улсын шаардлага стандартыг ханган төгсдөгөөрөө онцлогтой хэмээгээд нийт төгсөгчдөд халуун баяр хүргэн, төрөлх сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явахын ерөөл хүслээ. Мөн “Онц төгсөгч” Б.Ганбатад ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч”-ийн өргөмжлөл гардуулж, халуун баяр хүргэсэн юм.
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг Мэдээллийн технологи мэргэжлээр "Онц төгсөгч" Б.Ганбат: Би Эрдэнэтийн унаган хүүхэд. Аав маань жолооч, ээж маань тогооч. Өнөөдөр дөрвөн жил хичээн суралцаж, Мэдээллийн технологи мэргэжлээр төгсөж буйдаа маш их баяртай байна. Миний хувьд, 2019 онд анх мэргэжлээ сонгоход компьютерт сонирхолтой маань нөлөөлсөн гэж боддог. Нөгөө талаар, бидний үеийнхэн, залуучууд мэдээллийн технологийг ихээр сонирхдог. Суралцах явцад чамгүй хүнд боловч маш сонирхолтой салбар юм байна гэдгийг улам ихээр мэдсэн. Ер нь сургуульд элсэхдээ л Эрдэнэт үйлдвэрт ажиллана гэж зорилго тавиад, өнөөдөр энэ зорилгодоо хүрэх эхлэлээ тавьж буйдаа баяртай байна. Багш нартаа, ангийнхан, найзууд, гэр бүлийнхэндээ маш их баярлалаа.
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг Мэдээллийн технологи мэргэжлээр “Онц төгсөгч" Г.Мөрөн: Өөрийнхөө хүсэл сонирхлоор сургуулиа, мэргэжлээ сонгож байлаа. Багаасаа л комьпютер сонирхож, тоглох дуртай байсан. Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн гэрчилгээ гардаж аваад их баяртай байна. Үргэлж намайг дэмжиж тусалж байсан ангийнхан, багш нар, ойр дотныхондоо чин сэтгэлээсээ баярлалаа.















