“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол үйлдвэрийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрны Зэс танхимд боллоо. Энэхүү хамтран ажиллах гэрээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Геологи-минералогийн ухааны доктор Г.Ёндон, ШУТИС-ийн захирал доктор, профессор Т.Намнан нар үзэглэв. Хамтран ажиллах гэрээний зорилго нь мэргэжлийн өндөр ур чадвар бүхий үндэсний мэргэжилтэн, инженер бэлтгэх, Монгол Улсын аж үйлдвэр, нийгмийн хөгжилд үнэ цэнтэй шинэ мэдлэг, технологийг бүтээх, үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглээний судалгааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урт хугацааны түншлэл бий болгоход оршиж байгаа юм. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал, доктор Д.Цолмонбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор К.Хавалболат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Батмөнх, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал Ц.Цэнд-Аюуш, Ерөнхий уурхайчин Д.Эрдэнэбаатар нар болон бусад албаны хүмүүс оролцов.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.ЁНДОН: Бидний хамтын ажиллагаа тэлж, үйлдвэр өндөр үр ашигтай, сургуулиуд судалгааны объекттой болох нөхцөл бүрдэнэ
-“Уул уурхайн салбар олон шинжлэх ухааны огтлолцол дээр байдаг. Уул уурхай, физик, химийн шинжлэх ухаан гэх мэт. Эрдэнэт үйлдвэр маш олон инженер техникийн ажилтнуудтай. Тэдний ихэнх нь ШУТИС-ийг төгссөн. Мөн манай үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг төгсөөд ажиллаж байгаа. Эдгээр инженер техникийн ажилтнууд өнөөдрийн Эрдэнэт үйлдвэрийг нэр төртэй авч яваа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүн рүү чиглэсэн олон асуудлыг зохицуулж хэрэгжүүлдэг. Үүний нэг нь үйлдвэртээ шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх, үйлдвэрлэлийг өндөр үр ашигтай авч явах чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулдаг. Энэ чиглэлийг санхүүжүүлж ажилладаг. Тэгэхдээ мэргэжилтнүүдийнхээ ажлын ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах чиглэлээр Төрийн өмчийн их дээд сургуулиудтай хамтран ажиллах боломжтой. Миний бие ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнд ажиллаж байсан. Судалгаа, шинжилгээний ажлыг 10 орчим жил хийгээд үйлдвэр дээр ажилласан хүний хувьд үйлдвэрлэлд шинжлэх ухааны дэвшил үргэлж дутагдаж байдгийг мэднэ. Нөгөө талаас Шинжлэх ухааны байгууллага, Их, дээд сургуулиуд багш, мэргэжилтнүүдээ дадлагажуулах, тэргүүний технологитой танилцуулах чиглэлийн салбар дутагдаж байдаг. Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллах хугацаандаа, одоогийн БШУ-ны сайд Л.Энх-Амгалантай их сургуулиуд, харьяа хүрээлэнгүүдийг үйлдвэрлэлийн ажлын талбартай болгох, зарим нэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал бодлоо солилцож байсан. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үеэр Их, дээд сургуулиудын зүгээс санал гаргасан гэж сонссон. Хэрвээ ийм хууль санаачлаад батлагдвал бид цаашид шууд гэрээ хийгээд хамтран ажиллах боломжтой. Иймээс бидний хамтын ажиллагаа тэлж аль, аль талдаа хэрэгцээтэй, орон зайг нөхсөн, үйлдвэр өндөр үр ашигтай, сургуулиуд нь өндөр технологитой судалгааны объект байх нөхцөл бүрдэнэ.
ШУТИС-ийн захирал Т.НАМНАН: Аж үйлдвэржсэн улс болон хөгжихөд бидний хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ
-“Эрдэнэт үйлдвэр ШУТИС-тай олон жил хамтарч ажиллаж ирсэн. Монгол Улсад их сургууль, үйлдвэр хоёр хамтран ажиллах арга хэлбэр, соёл хандлагыг төлөвшүүлэхэд бидний хамтын ажиллагаа тодорхой хувь нэмэр оруулсан. Монгол Улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд бид илүү бодит юман дээр манлай үйлдвэртэйгээ хамтран ажиллах талаар шат шатны удирдлагууд харилцан ярилцсан. Тэгэхээр бид энэ хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, шинэ загвар бий болгон хөгжүүлэх, их, дээд сургуулиуд, үйлдвэрлэлийн байгууллагууд хамтран ажилласнаар ямар үр дүнд хүрч болдгийг харуулах боломж нээгдсэнд баяртай байна. Хууль, эрх зүйн орчин өөрчлөгдвөл бид их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай, Төрийн өмчийн үйлдвэрүүдтэй шууд хамтран ажиллах боломж бүрдэх юм. Энэ нь маш олон талын ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийг бэхжүүлэх, Хүрээлэнгүүдийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа. Өнгөрсөн жилүүдэд Аж үйлдвэр түшсэн хүрээлэнгүүд улсын төсөвгүй, их дээд сургуулиа дагасан байдалтай явж ирсэн. Өөрийн үйл ажиллагаагаараа орлогоо бүрдүүлж байсан юм. Иймээс Хүрээлэнгүүдийг хөгжүүлж, эрдэмтэн мэргэдийг бий болгох, хүний нөөцийг чадавхжуулах асуудлыг Засгийн газрын гишүүд дэмжиж ирсэн. Уг асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэж манай Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн болон Ой модны сургалт, судалгааны хүрээлэн улсын төсөвтэй хүрээлэн болж чадсан. Энэ бол Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт нэвтэрсэн том дэвшил. Манай Г.Ёндон захирал их сургууль, үйлдвэрлэлийн байгууллагыг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаад туйлын баяртай байна. Цаашид бид монгол хүний мэдлэг, оюун ухааныг дэлхийд гарган үнэлүүлэх том амбицтай зорилтууд тавьж байгаа. Энэ зорилтуудад хүрэхийн тулд дэлхийд танигдсан том үйлдвэртэйгээ хамтарч байж бодитой зүйл хийж хэрэгжүүлнэ. Эрдэмтэн судлаачид яг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа дээр төдийлөн оролцож чаддаггүй. Тэгэхээр Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр инженер бэлтгэдэг сургуулийн эрдэмтэн судлаач, оюутнууд зайлшгүй үйлдвэрлэл дээр дадлага хийх явдал чухал байдаг. Бусад салбараас илүү инженер техникийн мэргэжилтнүүдийг их зардал гаргаж бэлтгэдэг. Илүү материаллаг орчин шаарддаг. Ийм боломжийг бүрдүүлж өгснөөр тэр мэргэжилтнүүд дэлхийн энд хүрч ажиллана. Төгсөөд шууд ажлын байранд шилжин ажиллах мэдлэг ур чадварыг суралцагчдад өгөх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсэж байна. Иймээс Япон улстай хамтарч 1000 инженер бэлтгэх зорилгоор дэлхийн их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, компаниудтай хамтарсан төслийн хүрээнд 20 гаруй хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, олон улсад магадлан итгэмжлүүллээ. Ингэснээр шууд үр дүн гарчих зүйл биш. Хамгийн гол нь үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн технологийг тухайн орчин нөхцөлд нийцүүлж ажиллах мэргэжилтнүүдийг төрөн гаргах асуудал байгаа. Тэгэхээр аж үйлдвэржсэн улс орон болон хөгжихөд бидний хамтын ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэнэ.















