Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд хамтран өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан Хөрсний инновац технологийн “Эрдэнэт” төвийн барилгыг тохижуулж, наадмын өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус төвийн барилга тохижилтын ажлын явцтай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон танилцлаа. Тэрээр, “Хэрэгцээтэй барилгын бараа материалын ханган нийлүүлэлтэд шуурхай арга хэмжээ авч ажиллах, тус төвийг наадмын өмнө ашиглалтад оруулах”-ыг ажил хариуцсан албаны хүмүүст үүрэг болголоо.
Одоогийн байдлаар Барилга засварын цехийнхэн Хөрсний инновац технологийн “Эрдэнэт” төвийн барилгын цахилгаан монтаж, агааржуулалт, тайз, гэрэлтүүлэг, гадна талбайг тохижуулах ажлыг хийжээ. Мөн хаягжуулах ажлыг хийж байна. Тус төв бүрэн ашиглалтад орсноор Монголын хөрсний шинжлэх ухаан, байгаль орчны салбарт шинэ эргэлт хийсэн ажил болох юм. Одоогоор зөвхөн уурхайн ажилчдын хоолны хаягдал, унасан навч, цаасны хог ашиглан бордоо хийж байгаа бол цаашид лабораторийн тоног төхөөрөмж бүрэн авчирч, ашигласнаар микоризтэй хөрс үйлдвэрлэж эхлэх юм байна.















