Уурхайчдадаа, Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн бүх төрлөөр зөвлөгөө, мэдээлэл өгнө
Жил бүрийн 6 дугаар сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэдэг “Хуульчдын өдөр”-ийг тэмдэглэх хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтсээс ажилтнууддаа зориулсан өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомж, эрх зүйн бүх төрлийн зөвлөгөө, зөвлөмж өгөх юм байна. Үйлдвэрийн бүс буюу Ерөнхий захиргааны 1,3 дугаар байр, Засвар механикийн завод, Ил уурхай, Дулааны цахилгаан станц зэрэг таван цэгт 16 хуульчийн бүрэлдэхүүнтэй баг хуваагдан байрлаж, ажлын өдрүүдэд 8.00-17.00 цагийн хооронд ажилтнуудын сонирхсон асуултад хариулж, зөвлөх аж. Мөн шөнийн ээлжийн ажилтнуудад зориулан ээлж солилцох болон ажлын завсарлагаанаар зөвлөгөө авах боломж олгох юм байна. Ингэхдээ зөвхөн хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль, үйлдвэрийн дотоод журам, баримт бичгээс гаднаас тухайн ажилтан өөрт тохиолдож буй тулгамдсан болон мэдэхийг хүссэн асуудлаар хуулийн зөвлөгөө авах боломж нээлттэй гэдгийг Хуулийн хэлтсийн Ахлах хуульч Д.Төгсбаяр онцоллоо. Тус хэлтсийнхэн, “Хуульчдын өдөр”-ийг ажилтнууд, уурхайчиддаа чиглэсэн байдлаар, өөрөөр хэлбэл тэдний ажил хөдөлмөр, ахуй амьдралд болон хууль эрх зүйн мэдлэг мэдээлэлд тус нэмэр болохуйц зөвлөгөө, зөвлөмж өгөх хэлбэрээр тэмдэглэхийг зорьжээ. Уурхайчдадаа зориулсан, ажил амьдралд нь тус дэмтэй, хүртээмжтэй энэхүү үйл ажиллагааг цагаа олсон зөв зүйтэй ажил байна хэмээн Ерөнхий захирал шуурхай зөвлөгөөний үеэр сайшааж, бусад хэлтэс газрууд өөрийн онцлог чиглэлд нийцүүлэн үргэлжлүүлэхийг уриаллаа.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хийж буй байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна
Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлага болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нийт 1230 га талбайд дүйцүүлэн нөхөн сэргээлтийн ажил хийхээр энэ хавар эхлүүлсэн. Энэ хүрээнд хийгдэх хэмжилт зураглал бэлэн болж, техникийн нөхөн сэргээлт үргэлжилж байгааг Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсээс мэдээлэв. Мөн тус хэлтсийн мэдээлэлд, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 5 дугаар сарын 15-ны өдрийн тушаалын дагуу ашигт малтмал олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж буй бохирдлыг судлах, байгаль орчны багц хуулийн хэрэгжилтийг хангаж буй эсэхэд хяналт шалгалт хийх зорилготой ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрт энэ сарын сүүлээр ажиллах гэж буйг дурьдлаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга Ж.Жавхланбатын хийсэн энэхүү мэдээлэлтэй холбогдуулан уг шалгалтын өмнө хэлтсийн зүгээс бүтцийн нэгжүүдэд чиглэл өгч, бэлтгэл хангаж ажиллахыг Ерөнхий захирал үүрэг болгов. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шалгалтын удирдамжийн дагуу ус, хөрс, нөхөн сэргээлт зэрэг тодорхой чиглэлээр дотоодын шалгалтын төлөвлөгөө гарган, холбогдох нэгж, мэргэжилтнүүдийг хамруулж, хамтран ажиллахыг даалгалаа.
Албан хэрэг, хурлын тэмдэглэл, дуу дүрсийг хиймэл оюун ухаан ашиглан цаасан дээр буулгадаг болно
Үйлдвэрийн газрын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээлэл технологийн төлөвлөгөөт ажлын хүрээнд улсаас иргэнд үнэ төлбөргүй олгосон тоон гарын үсгийг байгууллагын дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хөгжүүлэлт хийх ажил дууссан. Ингэснээр эхний ээлжинд албан хэрэг хөтлөлт, томилолт үүсгэхдээ заавал суурин компьютер ашиглахгүйгээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран гар утаснаасаа нэвтэрч, баталгаажуулах боломж бүрдэж байна. Тиймээс бүтцийн нэгжийн удирдлагууд нийт ажилтнуудаа тоон гарын үсэгтэй болгох, нөхөж авч өгөх ажлыг яаралтай зохион байгуулж, бүрэн хамруулахыг Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Гансүх анхаарууллаа. Өмнө нь тодорхой технологийн компаниас тоон гарын үсэг авахад өндөр зардал зарцуулдаг байсан бол одоо мэдээллийн технологийн ажилтнууд ямар нэг зардалгүйгээр өөрсдөө хөгжүүлэлт хийж, цахимжуулсан нь эдийн засгийн өндөр үр ашигтай, дэвшилтэт ажил болсон байна. Түүнчлэн тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны үйл ажиллагааг цахимжуулах, хиймэл оюун ухаан нэвтрүүлэх, үйлдвэрт ашиглагдаж буй нийт албан хэрэг хөтлөлт, хурлын тэмдэглэл, дуу дүрсийг цаасан дээр буулгах зэрэг ажлыг зохион байгуулж, туршиж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор бүтцийн нэгжүүдийн албан хэрэг хөтлөлт болон бичиг хэрэг, үнэлгээний хорооны ажилтнуудад энэ сарын 20-ны өдөр Ерөнхий захиргааны 1,2-р байранд сургалт зохион байгуулах тул идэвхтэй оролцуулахыг удирдлагуудад чиглэл болгов. Энэхүү технологи нэвтэрснээр хурлын тэмдэглэл болон бусад албан ажлын дуу бичлэгийг цаг хугацаа алдахгүйгээр цаасан дээр шуурхай буулгах боломж бүрдэх юм.















