Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн түүхт 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан үндэсний спортоо сурталчлах "Монгол наадам" өдөрлөг бөх, морь, сурын харваа зэрэг эрийн гурван наадам болон өв соёл, зан үйл агуулсан сонирхолтой уралдаан тэмцээнээр үргэлжлэн амжилттай өндөрлөлөө. "Монгол наадам"-д хүчит 32 бөх эр бяр, уран мэхээ уралдуулснаас Аймгийн арслан Д.Хишигдаваа түрүүлж, Аймгийн арслан Б.Гантөмөр үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт Аймгийн арслан Т.Чулуунгэрэл, Аймгийн начин Э.Бат-Эрдэнэ нар шалгарсан байна. Жороо морины уралдааны түрүүг Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Б.Пүрэвсүрэнгийн хээр морь авч магнайлан, Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэн Д.Отгондалайн хүрэн морь, О.Даваадоржийн бор морь удааллаа.
Үндэсний хувцасны уран гоё хийц, донж маяг хослуулан өмссөн хосууд энэ өдрийн наадмын харц булаам чимэг байв. Энэ уралдаанд "Эрдэнэт Медикал" эмнэлгийн ажилтан Б.Баярсайхан, н.Алтангэрэл нарын хос тэргүүн байранд шалгарсан бол "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Оёдлын цехийн ажилтан Э.Болдбаатар, А.Оюунсүрэн, ДЦС-ын ажилтан Р.Болд-Эрдэнэ,О.Намуунчимэг нарын хосууд дэд, гутгаар байрын шагнал хүртсэн. Харин монгол морины сайхан ур хийцтэй, иж бүрэн хэрэглэлийг бүрэн бүтэн, дэг жаягтай нь хадгалж, хэрэглэж яваа наадамчдын тэмцээнд "Эрдэнэт үйлдвэр " ТӨҮГ-ын Тээвэр, ложистикийн төвийн дарга Х.Олзбаатар манлайлж, Засвар, угсралтын цехийн ажилтан н.Ганбаатар, уяач н.Отгонбаяр нар эхний байранд шалгаран, үндэсний биет өв соёлыг өвлүүлэн тээгчид гэдгээ харууллаа. Шагайн харваанд цэц мэргэнээ сорьсон наадмын түрүүнд Аймгийн Гоц мэргэн н.Эрхэмбаяр ахлагчтай Гэрээт цагдаагийн хэлтсийн "Соёмбо" багийн харваачид шалгарч, Цахилгаан цехийн ажилтан Х.Наранбаатар ахлагчтай залуу харваачид, Булган аймгийн ИТХ-ын Б.Оюунболд ахлагчтай баг бүрэлдэхүүн удааллаа.
Монгол түмний бахархал, төрт ёсны дархлааг үеийн үед утга төгөлдөр хадгалан үлдээх хамгийн том өв соёл бол эрийн гурван наадам, үндэсний спорт юм. Чухамхүү энэ үзэл санаан дор нэгдэж, үндэсний уламжлал, зан заншил, түүх соёлоороо бахдаж, омогшсон уурхайчдын "Монгол наадам" ач холбогдол, утга агуулга төгс болж, өндөрлөлөө.















