“Их зогсолт”-ын бэлтгэл бүрэн хангагдаж буйг мэдээллээ
Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гарагийн өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. Уламжлал ёсоор бүтцийн нэгжүүд долоо хоногийн ажлын тайлан, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал солилцов. Энэ жилийн “Их зогсолт”-ыг сарын сүүлийн долоо хоногт буюу 6 дугаар сарын 30-нд хийх гэж буйтай холбоотойгоор бэлтгэл ажил тойрсон асуудалд анхаарал хандуулсан. “Их зогсолт”-д бэлтгэх ажлыг хариуцаж буй Механикийн хэлтсээс ажиллах хүн хүч, шаардлагатай тоног төхөөрөмж, материал хэрэгслийн бэлтгэл хангалтыг сүүлийн байдлаар мэдээлэв. Энэ удаагийн “Их зогсолт”-ын ажилд зориулан хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 78 ажил төлөвлөснөөс 75 хувь нь бүрэн биелж, үлдсэн 25 хувьд нь дахин төлөвлөлт хийж ажиллаж байгааг Механикийн хэлтсийн дарга, “Их зогсолт”-ыг зохион байгуулах штабын дарга Б.Чинзориг онцолсон. Тэрээр хөрөнгө оруулалттай холбоотой ажлын төлөвлөгөө харьцангуй өндөр хувиар биелсэн нь холбогдох хэлтэс, цех нэгжүүд сайн зохион байгуулалттай ажиллаж буйтай холбоотойг тэмдэглэсэн. “Их зогсолт”-ын үеэр нийт 606 ажил хийхээр төлөвлөж, үүнд ажиллах бүх хүн хүч, нөөц бололцоо бүрэн хангагдсан байна.
Хавар, зуны ажлын төлөвлөгөөний биелэлт 81 хувийн гүйцэтгэлтэй байна
Үйлдвэрийн хэмжээнд Ерөнхий захирал болон Ерөнхий инженерийн баталсан “Бүтцийн нэгжүүдийг 2023 оны хавар, зуны улиралд бэлтгэх тухай” тушаал, ажлын төлөвлөгөө хэрэгжиж, хавар зуны бэлтгэл ажил үргэлжилж байна. Ажлын төлөвлөгөөнд нийт 301 ажил тусгаснаас өнөөдрийн байдлаар 206 нь 100 хувь биелж, дундаж гүйцэтгэл 81.4 хувьд хүрснийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв. Одоогоор нийт төлөвлөсөн ажлын 10.3 хувь буюу 31 ажил эхлэх хугацаа хүлээгдэж байгаа бол 50 ажил 40-99 хувийн биелэлттэй байгаа аж. ХМТАЦ, Геологи хайгуулын экспедиц, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Ган бөөрөнцгийн цехийн төлөвлөгөөт ажлууд 100 хувь биелсэн байна. Үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийг авч үзвэл, Автотээврийн цехэд 114 ажил бүрэн хийгдэж, төлөвлөгөө 88 хувийн гүйцэтгэлтэй байна. Төлөвлөгөөнд туссан 4 ажил оны эцсээр бүрэн дуусаж, хавар зуны бэлтгэл 100 хувь хангагдана гэж цехийн дарга Я.Дамдиндорж мэдээлсэн. Түүнчлэн Баяжуулах үйлдвэрт 80 гаруй хувь, Ил уурхайд 91 хувь, Засвар механикийн заводод 95 хувиар тус тус биелж байна. Мөн техникийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж буйг мэдээллээ.
Ерөнхий захиргааны ажилтнууд дөрвөн төрлийн спортоор өрсөлдөнө
Энэ сарын 12-15-ны өдрүүдэд үйлдвэрийн Ерөнхий захиргааны ажилтнуудын дунд “Спортын наадам-2023” тэмцээн болно. Тэмцээнийг Дотоод хяналт, мониторингийн хэлтэс, Ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны хэлтсүүд санаачлан Спорт цогцолбортой хамтран зохион байгуулж буй бөгөөд Ерөнхий захиргааны нийт 22 нэгжийн ажилтнууд сагс, волейбол, дартс, хөгжилтэй буухиа зэрэг спортын дөрвөн төрлөөр өрсөлдөх юм байна. “Спорт наадам-2023” нь нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиргааны ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллүүлж, бие бялдрыг хөдөлгөөнөөр эрүүлжүүлэн эрүүл мэндийг сайжруулах, газар хэлтсүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой. Төрөл тус бүрийг эхний гурван байранд шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах тус тэмцээнд идэвхтэй, амжилттай оролцохыг Спорт цогцолбороос уриалав.
“Монгол наадам” өдөрлөг болно
Эрдэнэт үйлдвэр Төрийн их баяр наадамд жил бүр өндөр ач холбогдол өгч, үндэсний спортын алдартнууд олноор төрөх гарахад боломж нөхцөл бүрдүүлж ирсэн. Энэ онд тус үйлдвэрийн 45 жил, Спорт цогцолборын 40 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Спорт цогцолборынхон олон талын үйл ажиллагаа зохион байгуулж, түүхт ойгоо спортын өндөр амжилттай угтахаар зорьж байна. Энэ хүрээнд “Монгол наадам” үндэсний спортыг сурталчлах өдөрлөгийг 6 дугаар сарын 17-ны өдөр үйлдвэрийн дэргэдэх Залуучуудын холбоотой хамтран зохион байгуулна гэж Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү мэдээллээ. Өдөрлөгийн үеэр шигшээ 32 бөхийн барилдаан, Есүнхэй үндэсний сурын харваа, шагайн харваа, жороо морины уралдаан болно. Мөн монгол морины иж бүрэн сайхан хийцтэй хэрэглэл, уран хийц бүхий үндэсний хувцастай хос шалгаруулах тэмцээн, Эрдэнэт хотоос төрөн гарсан үндэсний спортын алдартнуудын эдэлж хэрэглэж байсан спорт хэрэглэлийн дуудлага худалдаа зэрэг олон тэмцээн уралдаан болох юм байна. Үндэсний спортоо сурталчлах энэхүү наадамд бүтцийн цех нэгжүүд ач холбогдол өгч, идэвхтэй оролцохыг Ерөнхий инженер энэ үеэр онцоллоо.















