Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн үндэсний ассоциаци, Эрдэнэс Монгол нэгдэл хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэлсэн үгэндээ: 2022 оны байдлаар Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөө ДНБ-ний 24%, экспортын орлогын 94%, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 73%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 69% ийг эзэлж байна. Цаашид дэлхий нийтэд зэсийн хэрэглээ улам өсөн нэмэгдэхээр байна. Тухайлбал, компьютерын процессор, микрофон, чанга яригч зэрэг дижитал ертөнц, эрчим хүчний эх үүсвэр, үүлэн технологийн серверүүд, дэвшилтэт дүрс оношилгоо буюу эрүүл мэндийн салбарын дэвшил, ультра нарийвчлалтай камер, гэрэл цацруулагч радар, цөмийн эрчим хүч гээд зэс нэн чухал хэрэгцээтэй болж байна. Өнөөдөр манай улс 2.7 тэрбум ам.долларын зэсийн баяжмал, 82.6 сая ам.долларын катодын зэс экспортолж байгаа бол, ирээдүйд зэсийн баяжмал 1.3 тэрбум ам.доллар, харин катодын зэсээс 3.6 тэрбум ам.долларын орлого олох боломжтой болохыг онцлон мэдээлэв.
Мөн тэрээр, төмрийн нөөц, үйлдвэрлэл, үнийн талаар илтгэлдээ дурдсан. 2022 онд ган бүтээгдэхүүний хэрэглээ, үйлдвэрлэл 550 мянган тонн байснаас 90%-ийг импортоор оруулж иржээ. 10%-ийг л монголчууд бид дотооддоо үйлдвэрлэжээ. Тиймээс аж үйлдвэржилтийн сэргэлт 2022-2030 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд “Монгол ган” цогцолбор, “Алтанширээт” ҮТП /ширэм/ байгуулж, нийтдээ 2134 ажлын байр шинээр бий болгон, улмаар 2025 он гэхэд дотоодын үйлдвэрлэлийг 50%-д хүргэхээр зорьж байгааг дуулгалаа.
Нүүрсний экспорт 2022 онд 31.8 сая тн байсан бол ирээдүйн боломж 50.0 сая тн хүрнэ гэдгийг үндэсний зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд хэлэв. Ийнхүү аж үйлдвэржилтийг хөгжүүлснээр үүсэж болох давуу тал болон сул талыг ч илтгэлдээ танилцууллаа. Усны нөөц, эрчим хүч, зам тээвэр, ложистик хангалтгүй, технологи инновацийн нэвтрүүлэлт удаан, дотоод санхүүгийн эх үүсвэр бага, хөрөнгө оруулалтын орчин сул гээд цогц мэдээлэл өглөө.
Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдвийн хүрээнд “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг танилцууллаа. Дэлхийн улс орнууд буюу Израйл, АНУ, БНХАУ, Европын холбоо, Сингапур, Норвеги зэрэг улсууд аюулгүй байдлын болон урт хугацааны стратегиа 2050 он хүртэл төлөвлөж байна. Манай улс ч мөн адил АЛСЫН ХАРАА-2050 урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлсноор 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар АЗИД тэргүүлэгч орнуудын нэг болно гэв.
Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж эхлэх 2021-2030 он буюу эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэнэ. 2 дахь 10 жил буюу 2030-2040 онд шинжлэх ухаан, технологийн хөгжил, 3 дахь 10 жил болох 2040-2050 онд урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэх талаар зөвлөгөөнд оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Шинэ сэргэлтийн бодлогын одоогийн үр дүнд:
ДНБ-52.8 их наяд₮,
Экспортын орлого 12.5 тэрбум$,
Нүүрсний экспорт 31.8 сая тн,
Төсвийн орлого 18.6 их наяд₮,
Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай бондуудад 2.2 их наяд төгрөгийн өрийн зохицуулалт хийжээ.
Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлтэд нөлөөлөх хүчин зүйлс” салбар хуралдааны хүрээнд бүтэн өдрийн турш илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, үдээс өмнөх хуралдаанд хууль эрх зүйн орчны асуудлаар УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрдэнэс Монгол нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, М-Си-Эс группын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, үдээс хойш үргэлжилсэн “Аж үйлдвэржилтийн сэргэлт” хэлэлцүүлэгт “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци” ТББ-ын зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, МАК ХХК-ийн бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир нар оролцлоо.















