Е.БАЯРМАГНАЙ: Хүн ер нь “Миний л зөв” гэж тэнэгтэж явахаар “Миний буруу” гээд бушуухан уучлал гуйчих хэрэгтэй

     Урлаг гэдэг хүмүүний сэтгэлд хүрэхдээ мэдрэмж, таашаалын охь болж, харах хийгээд сонсох мэдрэхүйг цэнгүүлдэг гайхамшиг юм. Хүмүүний сэтгэлийг баясгах бүтээл урлана гэдэг амаргүй санж. Уран бүтээлээ хийх гэж зовж, зовлон дундаас жаргалаа эрэн бэдэрсээр, сая нэг хийж дуусаад “Жаргаж байна даа, би” гэж дотоодоо тайтгаруулан анагаагч нь найруулагч болоод жүжигчний амьдралын зам мөр гэлтэй. Эрдэнэтийн Хүүхэд залуучуудын театрын Найруулагч, Уран сайхны удирдагч Егүүзэрийн Баярмагнайн урлагтай нөхөрлөсөн он жилүүдийг “шүүрдэн”, дараах ярилцлагыг сийрүүллээ. Урлагийн Гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолны эзэн тэрээр илүү том ачаа үүрсээр энэ ертөнцөд алхах хувьтай нэгэн байж. 

-Юунаас болоод шаналав?

-Уран бүтээл хийхэд саад тотгор учрах, бодож байсан зүйл бүтэхгүй болоход бухимдах үе бий. Тоглолтод маань ирэх байсан хүн гэнэтийн шалтгаанаар ирж чадахгүй болж л дээ. “Ард түмэн, үзэгчээ хуурах болох нь дээ” гээд л шаналж сууна. 

-Тоглолтын агуулга юунд чиглэх вэ?

-Энэ тоглолтоор найруулагч-жүжигчин гэж ямар хүн байдгийг харуулах гэсэн юм. Өөрөөр хэлбэл, найруулагч хүн хөшигний ард үлддэг бол жүжигчин хүний хүсэл эрмэлзэл юунд оршдогийг өгүүлнэ. Ингэхдээ Дэлхийн суут Шекспир, Шиллерын жүжгийн хэсгээс тоглож, үзэгчдийн сэтгэл хийгээд оюуныг баясгах бодолтой байна. Тухайн зохиолыг уншаагүй хүн уг тоглолтыг үзээд, “Зохиолыг нь уншчих юмсан” гэж бодол тээгээд гарвал болж байгаа нь тэр шүү дээ. Сонгодог бүтээлд тусгагдсан 16, 18-р зууны үеийн амьдрал яг л өнөөгийн нийгэм шиг булхай, луйвар, хүн чанарын тухай өгүүлдэг. Энэ бүхэн амьдрал учраас тухайн бүтээлүүд үнэ цэнтэй, “амьд” оршиж байгаагийн учир шалтгаан.  

Миний хувьд дэлгэцийн урлагт олон дүр бүтээж, кинонд тоглосон. Энэ бүхнээс түүхийн болон орчин үеийн давтагдашгүй дүрийг түүвэрлэн, үзэгч олондоо хүргэх бодолтой байна. Бас үг ярианы уншилт гэдэг ямар байх тухай харуулах үүднээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Бавуугийн Лхагвасүрэн агсны эссэ найраглалыг уншина. Бичилт нь ямар байдаг, жүжигчин хүн яруу тунгалаг уншихад хэрхэн тохирдгийг сонордуулъя гэж бодлоо. Тоглолтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж байна. 

-Энэ олон эсрэг тэсрэг дүрийг тайзан дээр “амилуулахад” уран найруулга чухал бололтой?

-Манай театрын Найруулагч Г.Мишээл миний үндсэн санааг дэглэж байгаа юм. Мэдээж өөр өөр бүтээлийн дүр учир найруулга нь маш чухал. Эдгээр жүжгийг сонирхолтой байх талаас нь бага нас, хүүхэд насны дүрээр холбохоор ярилцсан. 

-Ингэхэд таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ? 

-Миний бага нас Архангай аймгийн Батцэнгэл суманд өнгөрсөн. Найман нас хүртлээ нутагтаа амьдарсан. Монголын нутаг дэндүү сайхан ч төрсөн нутаг минь илүү дулаахан, дотно санагддаг даа.

-Нутгаа санаж байна уу?

-Санана аа, нутагтаа очоод долоо хоноход л сайхан болчихдог. Сэтгэл сая нэг амарч, тайвширдаг юм уу даа (инээв). 

-Хүйн холбоотой нутагтаа хүүгийн сэтгэлээр өргөж байгаа өргөл гэвэл та юуг нэрлэх вэ?

-Миний хувьд хийж бүтээсэн уран бүтээлээрээ нутгаа дуурсгаж яваа. Тэр сайхан нутгийн өгөгдөл, буян хишгийг үгүйсгэх аргагүй гэж боддог. Уул ус нь үрсээ ивээж, үр үндэс нь нутгаа тэмүүлдэг бичигдээгүй хууль гэж бий шүү дээ. 

-Нэртэй хүний зүстэй хүү гэдэг дээ. Та хэний хүү вэ?

-Би Дамдины Егүүзэр гэж хүний хүү. Гэхдээ энэ их учиртай юм. Уг нь миний төрсөн аав Гочоогийн Дамдин. Бид эцэг эхээс долуулаа, Д.Егүүзэр бол миний хамгийн том ах, харин айлын отгон хүү нь би байгаа юм. Намайг хоёр настай байхад ээж минь бурханы оронд буцаж, би нялхаараа үлдсэн хэрэг л дээ. Энэ үед аав хот бараадаж, хүүхдүүд дээрээ очъё гэж шийдээд нутгаасаа нүүсэн гэдэг. Том ах цэргийн сургууль төгсөж ирээд, “Би үр хүүхэдтэй болоогүй байгаа хойно, дүүгээ авъя” гэж аавд хэлээд, намайг авсан юм байна. Хожим ахынхаа нэрийг л дуурсгах учиртай байж гэж бодож билээ. Би араасаа хоёр дүү дагуулсан. Ах маань цэргийн дарга хийж байгаад хожим өөр мэргэжилтэй болсон хүн бий. Яривал их сонин түүх дээ.     

-Тайзан дээр гарч байгаа жүжигчний дотоод айдас, түгшүүр, догдлолыг олж харах амаргүй. Урлагийн тайз таныг жаргаасан нь олон уу, зовоосон нь олон уу?

-Жүжигчид аргагүй л зовж жаргадаг улс юм. Нэг жүжиг юм уу, нэг дүрийг гаргахдаа гараас гартал нь зовно шүү дээ. Хэн нэг хүний намтар түүхийг судалж, тэр хүнийг гаргана гэдэг их хөдөлмөр. Харин тайзан дээр дүр бүтээсний дараах мэдрэмж нь жаргал болж ирнэ ээ. “Таны дүр таалагдлаа” гэсэн үзэгчийн үг амьдрах эрч хүч, урам өгдөг гэх үү дээ. Ер нь л сонин хувь тавилантай хүмүүс. Хүмүүс үзэхдээ “Өө ингээд болчихлоо” гэж хардаг бол үгүй юм. Цаана нь жүжигчид дүр бүтээх гэж, найруулагчид санаа бодлоо илэрхийлэх гэж ажилладаг. Хөшиг нээгдэхээс өмнө бүх юм хаалттай байсан бол хөшиг нээгдэхэд бүх нууц задардаг шүү дээ. Тэгэхээр нэг ёсны хуйвалдаан гэж ойлгож болох юм. Хөшиг нээгдэхэд хуйвалдаан задарна, харин хэр сайн хуйвалдаж чадсан бэ гэдэг л тухайн уран бүтээлээс харагддаг. Би 36 жил тайз, дэлгэцтэй холбогдож амьдрахдаа аливаа уран бүтээлээс “Таашаал авах гэж” хийсэнгүй, харин “Бүтээе” гэж хийгээд, бүтээснийхээ дараа жаргал, таашаалаа авч байлаа. 

Дэндүү дуртай юм даа. Дуртай гэдэг чинь нэг талаараа “Хайртай, салж чаддаггүй” гэсэн үг. Төр, нийгэм солигдож, ганзагын наймаанд ч явж болох үе байлаа. Гэхдээ эндээ дуртай учраас хаашаа ч явж чадсангүй. Урлаг бол бүхний урд гишгэж, уриалан дуудаж, дагуулан соёрхуулж явах учиртай. Үүгээр дамжуулан хүний амьдралын мөн чанар, сайн сайхны тухай өгүүлж хэлдэг байх ёстой юм. 

-Эрдэнэтийн театртай нөхөрлөсөн цаг хугацааны тухайд? 

-Эрдэнэтийн театртаа 23 жил найруулагчаар ажилласан байна. Нэг газартаа энэ урт хугацаанд ажилласан хүн ховор л доо. Энэ цаг хугацаанд театрын бодлогыг барина гэж том ажил байна. Театр өөрийн гэсэн бодлоготой, хүүхэд, залуучуудад зориулсан уран бүтээл хийж байх ёстой юм. Миний нэг бодол бий л дээ. Нэгд, жилдээ нэг удаа сонгодог жүжиг тавьж байх ёстой. Энэ нь залуучуудын хүмүүжил, ертөнцийг үзэх үзэлд маш томоор нөлөөлдөг. Хоёрт, үзэгчид их ирж байвал түүнийг дагаад жүжигчдийн уран чадвар их өсдөг. Бас “Би ийм нэг дүр бүтээчих юмсан” гэсэн хүсэл эрмэлзэл нь төрж байдаг. “Би Гамлетад, Отеллад тоглох юмсан” гэж бодох чинь агуу шүү дээ. Нэг талаасаа тэр хүсэл мөрөөдлийг нь биелүүлж байна гэсэн үг. Улсын драмын эрдмийн театрт очиж жүжиг үзэх нь гол бус жүжгийг хаана ч үзэж болно. Тиймээс театрын бодлого зөв байх нь чухал юм. Театр хүмүүсийг оюунлаг болгохоос гадна гоо зүйн гайхамшигтай таашаал өгч байх ёстой юм. 

-Бурхан ямар хүнийг жүжигчин болгохоор илгээдэг юм бол?

-Соёл урлагийн их сургуулийг жилд хоёр анги төгсдөг ч, нэг ангиас нэг жүжигчин “төрвөл” их юм, заримаас нь бол “төрдөг ч” үгүй. Миний сургуульд суралцаж байх үед хоёр жил тутам нэг анги авдаг, тэр дунд шигшигдсээр байгаад жүжигчин болдог байж. Тэр үеэр төсөөлбөл Монголоор нэг жүжигчин байх байсан болов уу. Гэтэл үгүй юм. Аливааг сонирхож чаддаг, хийж байгаа зүйлдээ дурлаж чаддаг хүн л жүжигчин болдог. Дурлана гэдэг чинь тухайн зүйлийнхээ учир зүй, аргачлалыг олсон хүнийг хэлээд байгаа юм. Андашгүй дээ, нэг зүйлийг хийхдээ тууштай, үнэнч, худал хуурмаг биш гээд олон зан чанар багтана. Хүмүүс “Ийм их үгийг яаж цээжилдэг байна аа” гэж хэлдэг л юм. Хийх зүйлийнхээ утга учрыг олсон хүн байнга түүнийг тархиндаа бодож, сэтгэж, сайжруулж явдаг гэж би боддог. 

-Урлагийн “гал тогоо”-нд буцалж явсан эдгээр он жилүүдэд өөрийгөө тоосон цаг хугацаа хэдийд бол?

-40 гаруй настайдаа нэг кино хийж үзээд, “Ер нь болох юм байна” гэж омогшиж явлаа. Цаашаа кино хийе гэж бодсон ч төсөв санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан үе л дээ. 

-Та амьдралын ямар зарчмаасаа хазайлгүй явж ирсэн бэ?

-“Театрын төлөө” гэсэн итгэл, сэтгэлээсээ хазайлгүй явсан юм болов уу даа. Анх наймуулаа ирж байгуулсан бол өнөөдөр бууриа сахиад ганцаараа үлдсэн байна. “Театртаа дэндүү дуртай хүн юм байна даа” гэж өөрийгөө дүгнээд байгаа. Амьдрал дээр шударга байхыг илүүд үздэг, бас онгирох дургүй. Аавдаа их загнуулдаг байлаа. Аав нэг удаа, “Онгироо хүн явахгүй шүү, онгироо хүн үгнээсээ андашгүй, чамайг хэн нэгэн онгироож яриулж, яриулчхаад, дараа нь “Онгирохоос өөрийг мэдэхгүй, энэ мөн тэнэг хүн шүү” гээд дүгнэдэг” гэж билээ. 

Миний гавьяа байгуулсан гэж юу байх вэ, хүн аль болох хүнээс үг сонсох хэрэгтэй. Шүүмжлүүлж байгаа хүнийг би хамгийн зөв гэж хардаг. Яагаад гэвэл “Намайг олоод харчихсан” учраас шүүмжилж байгаа юм. Харин шүүмжлэлийг “Энэ яасан, хүний мууд дуртай юм” гэж бодолгүй, эергээр хүлээн авч чадвал тэгээд л болно. Амьдрал дээр хааяа худлаа ярих үе гарна, тухайн үедээ амиа аргалаад өнгөрч байгаа хэрэг юм уу даа. Гэлээ ч дараа нь сэтгэл тайван байж чаддаггүй, нөгөө хүнээсээ уучлал гуйна, учир байдлаа шулуухан хэлж байж санаа амардаг хүн юмуу даа. 

-Амьдралаас авсан хамгийн том бэлэг?

-Энэ хорвоог хамт туулах хамгийн зөв хүнээ олж, насны ханьтайгаа учирсан маань амьдралаас авсан хамгийн том бэлэг, бас шагнал юм даа. Театр байгуулахаар томилогдон ирээд удаагүй бид танилцсан. Миний хань хоёр сайхан үрийг минь төрүүлж, түшиг тулгуур минь болж явна. Урлагийн хүн хөдөө гадаа их явна, тэр бүрийд миний ажил мэргэжлийг ойлгож, ар гэр, үр хүүхдээ дааж явна гэдэг эмэгтэй хүний хувьд амаргүй ажил. 

-Ханиа гомдоож байв уу?

-Амьдрал юм чинь гомдол байлгүй л яахав. Гэхдээ “Тэгж ингэж гомдоосон” гэхээс илүүтэй амьдралд ухаан л чухал юм. Би бас уучлал, өршөөлийг их хүснэ ээ (инээв). Хүн ер нь “Миний л зөв” гэж тэнэгтэж явахаар “Миний буруу” гээд бушуухан уучлал гуйчих хэрэгтэй. Энэ бол хамгийн том чанар шүү. Уучилж энэрэхийг ч бас сурах ёстой л гэж боддог. Энгийн, үнэнээрээ байх гоё шүү дээ. Үнэн байна уу, үгүй юу гэдэг нь нүднээсээ, хоёр үгнээсээ л мэдэгдэнэ. 

-Монгол эр хүний ноён нурууг та хэрхэн тунгаах бол?

-Ноён нуруутай сайхан эрчүүд олон бий. “Эр хүн шиг хэлсэндээ бай” гэдэг дээ. Тусалбал тусалчихдаг, хэлбэл хэлчихдэг байх нь эр хүний ноён нуруу. Мөн чанарыг нь “Хэлсэндээ байж, хүнийг хайрлаж чаддаг ухаан” гэж би хэлнэ. Өнөөдөр хэдэн төгрөг олчхоод “Би ч эр хүн шиг байна даа” гэж бодох зүйл биш юм. 

-Тэгвэл энэ ухаан нас тогтсон хойно бодогддог зүйл үү, аль эсвэл гэрийн хүмүүжлээр олгогддог зүйл үү?

-Хүмүүжлийг гэр бүлээс л эхэлдэг. Тойрон хүрээлж байгаа хүмүүсээс хүн хүмүүжлээ олж авдаг. Их сургууль төгсөж байгаа оюутан дан ганц сургууль төгсөөд, нэг мэргэжил эзэмшиж байна уу гэвэл үгүй. Тэд сурахын хажуугаар маш олон зүйлд суралцаж төгсдөг. Эр хүний ноён нуруу хаана хугардаг тухай ойлголтыг авч үзвэл бас ярих зүйл бий. Зарим зүйл дээр “Би ч эр хүн шиг байж чадсангүй дээ” гэж бодогдоно, дараа нь нөгөө хүнээсээ уучлал гуйна. Тэр хүндээ “Би жоохон тэнэг юм хийчихсэн шүү” гээд хэлэх нь л амар амгалан юм даа. Насных болоод тэр үү, би ч бас их уяхан болоод, сэтгэл догдлохоор нулимс гарчих гээд байдаг болж. 

-Танилтай хүн талын чинээ гэдэг. Та хэр олон танилтай хүн бэ? 

-Таксинд суухад жолооч нар андахгүй таньдаг юм. “Тантай таарлаа, ямар гоё юм бэ”, “Таныг хүндэлж явдаг шүү” гээд хүргээд өгдөг улс олон. Эрдэнэтэд бол бүр ч илүү танина аа. Би нэрийг нь мэдэхгүй ч тэд намайг танина. Зарим нь “Та чинь Эрдэнэтэд байдаг юм уу?” гэж гайхна. Ер нь танил ихтэй л юм шиг санагддаг даа. Гэхдээ хэн нэгнийг “Ингээд ашиглачихъя” гэдэг санаа ер байдаггүй юм. Энэ дашрамд миний таних хийгээд үл таних Эрдэнэтийнхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлээд, та бүхний минь амьдрал өргөжин дэвжиж байх болтугай гэсэн ерөөлийг өргөе. 

-Чин сэтгэлийн яриа өрнүүлсэн танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 

-Баярлалаа. Урлагийн Янжинлхам бурхан та, биднийг ивээж байх болтугай. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 17
2023-06-06 | мягмар гараг
Нар 04:55 минутад мандаж 20:47 минутад жаргана.

Зуны тэргүүн улаагчин могой сарын гурван хөх хөхөгчин хонь өдөр

Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Суудал: Хий

Аргын тооллын 6 сарын 6, Ангараг гараг. Билгийн тооллын 17, одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох цаг (6ц 44м) болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ярилцлага

wave
Б.БААСАНСҮРЭН: Бид энэ жил 400 гаруй сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Л.АВЬЯАНДҮР: Хийж бүтээснээсээ урам зориг, урагшлах хүч авдаг
Х.БАТБАЯР: Театрын зураач урлагийн бүх төрлийг тайзан дээр амилуулдаг онцлогтой
Д.БАЙГАЛ: Эрдэнэт үйлдвэр ахмадын талаар баримтлах ойрын таван жилийн бодлогоо тодорхойлно
Б.БАЙГАЛЬМАА: Хоол үйлдвэрлэлийн салбарынхан “ГОК-ын брэнд бүтээгдэхүүн”-ийг андахгүй
О.ОТГОНБАЯР: Үндэсний зөвлөгөөнд Эрдэнэт үйлдвэрээс 100 гаруй төлөөлөгч оролцоно
Б.МАЖИНБУУ: Үнэт зүйлсээ хойч үедээ өв болгон үлдээхийн тулд Маркны музей байгуулахыг зорьж байна
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр уулын ажлын төлөвлөгөөг биелүүллээ
Д.Идэрбаяр: Нэгнийхээ гаргасан санааг багаараа дэмжин хэрэгжүүлэх нь илүү дэвшилттэй, хурдтай, сонирхолтой
Я.АРИУНЗУЛ: Хөрсний төв нь экологийн болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-06-06
22°C
Бага зэргийн бороо
Салхи: 7м/сек
10°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-07
21°C
Үүл багаснa
Салхи: 6м/сек
9°C
Бага зэргийн бороо
Салхи: 5м/сек
2023-06-08
23°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
9°C
Үүл багаснa
Салхи: 5м/сек
2023-06-09
26°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-06-10
24°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3446.96 0.0000 %
EUR 3684.11 -0.0070 %
GBP 4272.85 -0.0105 %
RUB 42.35 -0.0064 %
CNY 484.24 -0.0060 %
KRW 2.64 +0.0152 %
CAD 2566.33 -0.0008 %
NZD 2085.07 -0.0072 %
AUD 2272.75 -0.0027 %
JPY 24.54 -0.0098 %
HKD 439.81 -0.0004 %
SGD 2548.68 -0.0049 %
CHF 3783.29 -0.0070 %
SEK 317.25 -0.0087 %
TRY 162.89 -0.0135 %
THB 98.8 -0.0077 %