“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүний нөөцийн бодлогоор хэрэгжиж байгаа “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр” хоёр дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсгийнхэн Дархан-Уул аймаг руу аяллын маршрут гарган, өнгөрсөн амралтын өдрүүдэд ээлжит сургалтыг хувь хүний хөгжлийн сэдвээр зохион байгууллаа. Сургалтын үндсэн агуулга нь хүн бүр өөрийн эрхэм зорилгыг тодорхойлж, түүнд хүрэх алсын харааг бий болгох нь амьдралыг илүү утга учиртай болгодог тухай ойлголт, мэдлэгийг хүртээсэн юм. Хүний хөгжил судлаач, Төрийн удирдлагын докторант, “Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төв”-ийн сургагч багш М.Мөнхжаргал, “Амьдрах стратеги” хөтөлбөрийг санаачлагч, стратеги судлаач Д.Цэцэнбилэг нар хувь хүний хөгжлийн сургалтыг явуулж, шинэ мэдлэг, мэдээллээр залуучуудыг “цэнэглэлээ”.
Хөтөлбөрт оролцогч 66 залуу ажилтан аяллын замд хоёр хэсэгт хуваагдаж, “Дархан нэхий” ХК болон “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тай танилцлаа. Боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн технологийн процесстой танилцаж, ажлын байраар зочилсон залуучууд энэ удаагийн аяллын туршид шинэ санаа олох даалгаврыг биелүүлсэн юм. Эрдэнэт үйлдвэрийн залуу ажилтнууд сургалтаас олж авсан мэдлэгээ ажлын байр, хамт олон дундаа төдийгүй үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлэх томоохон зорилго дэвшүүллээ.















