Жил бүрийн 5-р сарын 15-нд тохиодог Дэлхийн гэр бүлийн өдрийг угтан Баяжуулах үйлдвэрийн захиргаа, Эцэг, эхийн зөвлөл хамтран ажилтнуудынхаа гэр бүл, хүүхэд залуусыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцуулах аялал анх удаа зохион байгуулав. “Миний гэр бүл-Миний бахархал” сэдэвт аялалд 16 гэр бүлийн 25 хүн оролцлоо. Энэ удаа үйлдвэрийн дүүрэгт ажилладаг механик, цахилгааны инженер, техникийн ажилчдын эхнэр, хүүхдүүд аялалд хамрагджээ. Эдгээр ажилтнуудын ихэнх гэр бүл нь төрийн болон хувийн хэвшилд ажилладаг учраас Эрдэнэт үйлдвэрийн онцлогийг тэр бүр мэддэггүй. Иймээс Баяжуулах үйлдвэр ажилтнуудаа ямар орчинд ажилладаг, юу хийж бүтээдгийг ар гэр, үр хүүхдэд нь танилцуулах зорилгоор энэхүү аяллыг зохион байгуулсан юм. Аялалд оролцогчид Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах, Бутлан тээвэрлэх, Нунтаглан баяжуулах, Шүүн хатаах хэсгийн үйлдвэрлэлийн технологийн дамжлагын үйл ажиллагаатай танилцсан. Мөн энэ үеэр Баяжуулах үйлдвэрийн мэдээллийн танхимд дэлгэсэн “Ажлын амт” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Хүүхдүүдийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар, журмыг баримтлан 12-оос дээш насныхныг ээжүүдтэй нь урьж оролцуулсан байна. Тэд аав нарынхаа үйлчлүүлдэг цайны газарт үдийн зоог барьжээ.















