Автотээврийн цех анх Уулын технологийн тээврийн цех нэртэйгээр 1978 онд байгуулагдсан бөгөөд энэ онд 45 жилийн ой нь үйлдвэрийн түүхэн баяртай давхцаж байна. Эрдэнэсийн тээвэрчид ойн баяраа угтаж олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний нэг нь цехийн түүхэн хөгжил, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэл, хүний нөөц бүрдүүлэлт зэргийг харуулсан, далайцтай мэдээлэл, сонирхолтой дүрслэл бүхий богино хэмжээний кино хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Ингэхдээ дотоод нөөц бололцоогоо ашиглан хамт олныхоо дундаас дүрс бичлэг хийх, гэрэл зураг авах авьяас, сонирхолтой ажилчдыг сонгон баг болгон ажиллуулахыг зорьж байгаагаараа онцлог юм. Тэд одоогоор хэсгүүдийн танилцуулга бэлтгэж, ховор дуу, дүрс цуглуулж байна. Түүнээс гадна Автотээврийн цех 45 жилийн ойдоо зориулсан сэтгүүл, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, түүхэн зургийн сантай болохоор төлөвлөжээ. Үүний өмнө ажилчдынхаа дунд гэрэл зургийн уралдаан зарлаад байна. Мөн ойрын хугацаанд сагсан бөмбөгийн аваргаа шалгаруулах бол намар волейболын аваргаа тодруулна гэж тус цехийн Соёл, олон түмний арга зүйч Б.Бямбасүрэн мэдээллээ.
Автотээврийн цехийн 45 жилийн ойг угтсан Урлагийн бага наадам энэ сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, шилдгүүд Гала тоглолтоороо ажилчдадаа бэлэг барина. Мөн ажлын байраа тохижуулах, хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Бүтээлч хамт олон” аян өрнөж байна.















