Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран зохион байгуулдаг багц сургалтын хөтөлбөрт энэ жил нэгэн шинэ төрөл албан ёсоор нэмэгдсэн нь ионжуулагч цацрагийн аюулгүй ажиллагааны ерөнхий мэдлэг олгох сургалт юм. Эрдэнэт үйлдвэрт ашиглагдаж байгаа нийт цөмийн хэмжүүрийн 90 гаруй хувь нь Баяжуулах үйлдвэрийн технологийн дамжлагын тоног төхөөрөмжүүд дээр суурилагдсан байдаг бөгөөд хяналт удирдлагад ашиглагддаг. Тус цехийн технологийн болон засварын ажилтнууд үндсэн ажлаа хийх явцдаа ионжуулагч сөрөг нөлөөнд өртөх эрсдэлтэй. Иймээс цөмийн үүсгүүрийн ойр орчим ажилладаг баяжуулагчдад ионжуулагч цацрагийн талаар мэдлэг олгох зайлшгүй шаардлагатай гэж ХАБЭА-н хэлтсийн мэргэжилтнүүд үзсэн байна. 2023 оны гурван удаагийн сургалтаар нийт 150 ажилтан цацраг идэвхт чанар, ионжуулагч ба ионжуулагч бус цацраг, цацрагийн биологийн сөрөг нөлөөлөл, цацрагаас хамгаалах үндсэн зарчим, аргууд, Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд дээр суурилагдсан цацраг идэвхт бодис бүхий цөмийн хэмжүүр, элементийн шинжилгээний төхөөрөмжтэй харьцахдаа анхаарах зүйлс гэсэн сэдвийн хүрээнд мэдлэгээ тэлжээ. Баяжуулах үйлдвэрт энэ чиглэлийн сургалтад хамрагдах шаардлагатай 450 ажилтан байна.
















