UBS телевиз, TOTAL MUSIC компани, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж буй “Mongolian Songs” үндэсний шоу нэвтрүүлгийн эхний шалгаруулалт 4-р сарын 20-26-нд Улаанбаатар хотноо боллоо. Энэхүү уралдаанд хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучнаас бүрдсэн манай улсын төдийгүй ОХУ-ын Буриад, Тува улс, ӨМӨЗО-ноос нийт 112 баг оролцсоноос дараагийн шатанд 26 баг шалгаран үлджээ. Үндэсний ШОУ нэвтрүүлгийн шүүгчид, өрсөлдөгчид дунд хэдийнээ “ГОК-ын гурав” хэмээн анхаарал татаад буй “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын ажилтан, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Батжаргал, Соёл, урлагийн цогцолборын хөгжмийн багш, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов, дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин МУСТА Д.Дагвадорж нарын бүрэлдэхүүнтэй баг эхний шатны шалгаруулалтад “Домог эргэх хүлгүүд мину” хэмээх шинэ дуугаараа 50 шүүгчээс 48-ынх нь “үнэлгээний гэрлийг асаалгасан” амжилтаар өрсөлдөгчдөөсөө оноогоор “тасарсан” юм. Дараагийн шатанд “Эх орон” сэдэв сугалж, нэг өдрийн дотор “Тэнгэр өршөөг Монголыг минь...” хэмээх шинэ дуу төрүүлэн, 44 оноо нэмэн авч, шилдэг дуу төрүүлэх үндэсний шоу нэвтрүүлгийн дуун хүлгүүдийн наадмыг нийлбэр үнэлгээгээрээ “өнгөлсөн” хэвээр явна. 100 сая төгрөгийн шагналын сантай энэхүү шоу нэвтрүүлгийн дараагийн шатанд сугалаагаар оногдсон сэдвээр яруу найрагч дууны шүлгээ бичиж, хөгжмийн зохиолч зэрэгцэн аялгуу зохиож, тэр агшинд дуучин дуугаа сурч, дуулан хамгийн богино хугацаанд хамгийн шилдэг дуу бүтээн өрсөлдөх юм. Шууд эфирийн үзэгчдийн өмнө дуу зохиож, дуулах зэрэг даалгавар оролцогчдыг хүлээж байгаа аж.
Шилдэг дуу бүтээх үндэсний шоу нэвтрүүлэгт “ГОК-ЫН ГУРАВ” өнгөлж явна
Энэ мэдээ танд ямар санагдав?
3
0
0
0
0















