“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтнууд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулах, бусад салбартай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн төлөвлөлт, стратегиа оновчтой зохион байгуулахад чиглэсэн сургалтад хамрагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх эхний шатны сургалтаар Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн дарга, удирдах ажилтнууд “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, зорилт хоорондын уялдаа, төлөвлөлт, хэрэгжилт, түүнд хүрэх арга замуудыг судалснаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн өмчит үйлдвэрийн газрын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Удирдлагын академиас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагчид болон иргэдэд сурталчлан таниулах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн ээлжит сургалтыг Эрдэнэс Монгол, Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам зэрэг байгууллагын удирдах ажилтнуудад нэгэн зэрэг зохион байгуулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Байгууллагын хөгжлийн бодлого Улсын хөгжлийн бодлоготой нягт уялдах ёстой. Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэл эх орны хөгжлийн бодлоготой хэрхэн уялдаж, үр дүнтэй хэрэгжиж байгааг үйлдвэрийн газрын манлайлагч удирдагчид та бүхэн хэлэлцэх болно. Эндээс оновчтой, бүтээмжтэй маш олон санаа шийдэл гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлоод сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэхүү сургалт оролцоонд тулгуурласан, багаар ажиллах арга хэлбэрээр явагдах бөгөөд үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, бүс, орон нутгийн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах гэсэн сэдвийн хүрээнд үргэлжлэх юм.















