“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт ажилтнуудын үндсэн цалин ирэх 6 дугаар сарын 1-нээс 10 хувиар нэмэгдэнэ гэдгийг Ерөнхий захирал Г.Ёндон даваа гаригийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хурал дээр мэдээллээ. Тус үйлдвэрийн 2023 оны бизнес төлөвлөгөө болон үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 3.3-т заасны дагуу ийнхүү ажилтнуудын үндсэн цалин 10 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтнуудын үндсэн цалин 2016 онтой харьцуулахад 85 хувиар нэмэгдэж байна. Үүнд,
- 2017 онд 10 хувиар,
- 2018 онд 10-15 хувиар,
- 2019 оны 5, 10 дугаар сард тус бүр 10 хувиар,
- 2020 онд 10 хувь, Барилга засварын цех, Оёдлын цехийн ажилтнуудын цалинг 15 хувиар,
- 2021 онд 10 хувиар,
- 2022 онд 10 хувиар тус тус нэмж байжээ.
Мөн энэ үеэр үйлдвэрийн газрын ажилтнуудад олгох нэг удаагийн урамшууллын талаар Ерөнхий захирал Г.Ёндон болон Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа нар мэдээлэл хийв. Эрдэнэт үйлдвэрийн 7000 шахам ажилтан цар тахлын хүнд үед улс орны эдийн засгийн ачаанаас нуруундаа үүрч, цахилгаан дулаан, уур ус хогны төлбөрийг төлж, Монгол банкны валютын ханшийг зузаатгахад онцгой үүрэг хүлээсэн. Онцгой даалгавруудыг биелүүлсэн үр дүнг үнэлж, ажилтнуудад нэг удаагийн мөнгөн урамшуулах олгох хүсэлтийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс холбогдох газруудад хүргүүллээ. Үйлдвэрийн газрын 2022 оны санхүүгийн тайланг Үндэсний аудитаар баталгаажуулж, урамшуулал олгох үндэслэлээ тодорхой хүргүүлсэн тул “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн хурлаар удахгүй шийдвэрлүүлэх тухай энэ үеэр онцлов.
Энэ жилийн “Их зогсолт”-ыг сарын өмнө хийхээр бэлтгэж байна
Эрдэнэт үйлдвэр жил бүр үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, тасралтгүй горимын аюулгүй байдлыг хангах зорилгоор нөөцгүй техник тоног төхөөрөмждөө иж бүрэн засвар үйлчилгээ хийдэг. Ингэхдээ тодорхой хугацаанд үйлдвэрийн хэмжээнд “Их зогсолт” зохион байгуулж, богино хугацаанд бүх тоног төхөөрөмждөө хүч сэлбэдэг уламжлалтай. Энэ жилийн “Их зогсолт” өмнөх жилүүдээс цаг хугацааны хувьд онцлогтой болно. Өөрөөр хэлбэл, 6 дугаар сарын 30 буюу урьд жилүүдэд 7 дугаар сарын сүүлээр хийгддэг “Их зогсолт”-ыг нааш нь татаж, нэг сарын өмнө зохион байгуулахаар төлөвлөж байгааг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг танилцуулав. Өнөөдрийн байдлаар, “Их зогсолт”-ын бэлтгэл ажлын төлөвлөгөөнд тусгагдсан хүн хүч, гүйцэтгэгч талууд болон хангамж нийлүүлэлтийн шалгаруулалттай холбоотой Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хийх ажлууд хийгдэж, бэлтгэл хангагдсан байна. Ирэх сарын 10-15-нд бараа материал, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийг эцсийн байдлаар татаж авахаар төлөвлөж байгаа юм байна.
Эрдэнэт үйлдвэр, хаврын мод тариалалтаар 500 мянган ширхэг мод тарина
Ирэх амралтын өдрүүдэд Монгол орон даяар бүх нийтээр мод тарих өдөр тохионо. Энэ ажилд үйлдвэрийн бүх бүтцийн цех нэгжүүд хуваарийн дагуу оролцож, Хаягдлын аж ахуй болон бусад төлөвлөгөөт газруудад нийт 500 мянган мод тарихаар төлөвлөж буйг Ногоон хөгжил төслийн нэгжийн дарга Я.Ариунзул мэдээлэв. Мод тарих ажлын бэлтгэлийг Ногоон хөгжил төслийн нэгжээс зохион байгуулж байгаа бөгөөд тус ажилд цех нэгжүүд идэвхтэй, өндөр зохион байгуулалттай оролцохыг шуурхай зөвлөгөөнөөс анхаарууллаа.
“Найрамдлын Эрдэнэс” зуслан нээгдэхээс өмнө автобус зорчих замыг бэлэн болгох үүрэг өглөө
Сэлэнгэ-Хялганатын чиглэлийн 64 км замын засвар өргөтгөл шинэтгэлийн ажлын гүйцэтгэл, явцыг Ерөнхий захирал Г.Ёндон болон Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх нар шуурхайн үеэр онцоллоо. Одоогийн байдлаар, замын ажлыг гурван компани гурван багцаар гүйцэтгэж байгаа бөгөөд зарим хэсэгт замын чиг сэргээх болон хөрс хуулалтын ажлууд хийгдээд дуусаж байгааг Барилга байгууламжийн хяналт төлөвлөлтийн хэлтсээс мэдээлэв. Энэ замаар ирэх сарын 10-наас хүүхэд тээвэрлэсэн автобус зорчиж эхлэх тул гүйцэтгэгч байгууллагуудад тавих хяналт шаардлагыг сайжруулж, цаг хугацаанд нь чанартай хийж дуусгахад анхаарч ажиллах даалгавар өглөө. Мөн Ерөнхий инженер Т.Батмөнх энэ долоо хоногт тус замын өргөтгөл, шинэтгэлийн ажилтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгөхөөр боллоо.















