Эрдэнэт үйлдвэрийн Ойн генетикийн нөөцийн “Эрдэнэт” төвд зохион байгуулагдсан “SEED EXPO week-2023” үзэсгэлэн яармагийн талбайд, өнгөрсөн амралтын өдөр Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олны “Гэр бүлийн өдөр” боллоо. Энэ үеэр цехийн бүх ажилчид гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хүрэлцэн ирж, үзэсгэлэн яармаг сонирхон, үзвэр үйлчилгээ үзэж, хүүхдүүд ээж аавтайгаа амралтын өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн юм. Энэ өдөр мөн Эрдэнэт үйлдвэрийн удирдагч эмэгтэйчүүд тус цехэд шинээр ажилд орсон 12 ажилтанд Эрдэнэт үйлдвэрийн шинэ ажилтны бэлгийн багц гардуулсан нь шинэ ажилтнуудын хувьд мартагдахааргүй онцлох үйл явдал болсон.
Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон үзэсгэлэн яармагийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, урлагийн үзүүлбэр толилуулсан “Энэрэл” төвийн багачуудад сэтгэл шингэсэн бэлэг өгч, өглөөний амтат цайгаар дайлан хамтдаа сэтгэлийн баясал эдэллээ.
Аж ахуй, үйлчилгээний цехийн Мастер Д.Амаржаргал:
Манай цехийнхэн “SEED EXPO week-2023” үйл ажиллагааны зургаа дахь өдөр буюу амралтын өдрийг “Гэр бүлийн өдөр” болгож, бүх ажилчид гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөе хэмээн энд ирсэн. Манайхны нийт 180 орчим хүн цугларлаа. Үйлчилгээний хоёрдугаар хэсгийнхэн бид “Энэрэл” төвийн бяцхан хүүхдүүдэд өглөөний цай бэлтгэн дайлж, “Шидэт хайрцаг”-наас сонирхолтой бэлэг өглөө. Бидний ажлын нэг хэсэг нь ногоон байгууламж болон тасалгааны ургамал, цэцэг арчилж ургуулах байдаг. Өнөөдөр бид сонин содон цэцэг, үрийн худалдаа хийлээ. Мөн туршлага судалж, цаашид хамтран ажиллах байгууллагыг сонгох, судлах зорилготой ирсэн.
Аж ахуй, үйлчилгээний цехийн ажилтан Ц.Наранцэцэг:
Энэ сайхан өдөр хамт олноороо цугларч, гэр бүлийнхэнтэй нь уулзаж танилцан, үзэсгэлэн худалдаа үзэж, урлагийн тоглолт сонирхож өдрийг хөгжилтэй өнгөрүүлж байна. Би Эрдэнэт үйлдвэрт саяхан ажилд орсон. Зууны манлай, Монгол Улсын Баатар үйлдвэрийнхээ хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, олон сайхан хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллах болсондоо баяртай байна. Өнөөдөр биднийг Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болсонд баяр хүргэж, дурсгалын зүйл гардууллаа. Энэ сайхан үйлдвэрийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, хичээнгүй сайн ажиллана аа.















