Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн 1А тээрмийг БНХАУ-ын МШЦ 5,5х6,5М NHI тээрмээр солих ажил дуусаж, тээрэм хэвийн ажиллаж эхэллээ. Батлагдсан хуваарийн дагуу энэ оны 3-р сарын 20-ноос эхэлсэн далайцтай энэ ажлыг 47 өдөрт багтааж, 5-р сарын 6-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөснөөс 12 өдрийн өмнө ажилд оруулжээ.
Тээрэм солих бэлтгэл ажлыг урьдчилан чанартай хийж, бригадын зохион байгуулалтыг оновчтой хуваарилж, чадварлаг засварчид бүтээмжтэй ажилласнаар ийнхүү хугацаанаас нь өмнө уг ажлыг дуусгаж, хүлээлгэн өглөө гэж Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн дарга Д.Наранбаатар ярилаа. 1А тээрмийг 12 өдрийн өмнө залгаснаар 78 мянган тонн хүдэр илүү боловсруулж, 2,4 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашигтай ажиллах боломж бүрдүүлжээ. Ийнхүү Баяжуулах үйлдвэр, Барилга засварын цех, Засвар, угсралтын цехийн хамт олон 1А тээрэм солих ажлыг хугацаанаас нь өмнө чанартай гүйцэтгэсэн байна. 23 жил ажиллаж, ашиглалтын хугацаа нь дууссан технологийн үндсэн тоног төхөөрөмжийг шинэчилснээр үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад чухал нөлөөтэй юм.















