Жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдөр улс орон даяар зохион байгуулдаг “Хуульчийн Про Боно өдөр-2023” үйл ажиллагаа энэ даваа гарагт А.Амарын талбайд нээлттэй өдөрлөг хэлбэрээр боллоо. Тус үйл ажиллагаа нь иргэдэд хууль зүйн туслалцаа, зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгөх, иргэдийн эрх зүйн боловсрол, ойлголт мэдээллийг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон ажил юм.
“Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгийг Монголын Хуульчдын холбооны Орхон аймаг дахь салбар, Орхон аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтэс хамтран зохион байгуулсан. Өдөрлөгт Орхон аймгийн Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтэс, Өмгөөлөгчдийн зөвлөл, Тойргийн нотариатчид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги, Шүүхийн шинжилгээний алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүний эрхийн үндэсний комиссын Орхон аймаг дахь суурин төлөөлөгчид оролцож өөрсдийн үйл ажиллагааны онцлогийн хүрээнд чиглэл тус бүрээр иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгсөн.

Тус үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн хуульч П.Эрдэнэбилэг, Б.Хулан, Ц.Мөнхтүшиг, Э.Батбаяр нар оролцож, иргэд, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж, хүний эрх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны холбогдох асуудлуудаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн “Хуульчийн Про Боно өдөр-2023” үйл ажиллагааны хүрээнд Орхон аймгийн Хуулийн байгууллагууд хамтран 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Говил багийн II сургууль, Жаргалант сумын сургуулийн дунд болон ахлах ангийн 160 гаруй сурагчдад “Нууцтай байх эрх” сэдвийн хүрээнд сургалт, мэдээлэл өгч ажилласан юм.






















