Нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Орос эмнэлгийн сарын аяны нээлт өнөөдөр боллоо. Энэхүү сарын аяны хүрээнд хавар, зуны улирлын харшил, хачигт халдвараас хэрхэн хамгаалах, халдварт шар А вирус болон хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтууд явагдах аж. Мөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Энэрэл” төвийн хүүхдүүдийн дунд "Хүүхдийн нүдээр харагдах ертөнц" сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн, Орос эмнэлэг “Өдрийн эмчилгээнд”-ээ стрессийн эсрэг арга хэмжээ авах, элэг, зүрхийг хамгаалах, уураг тархины ажиллагааг идэвхжүүлэх, энерги, эрч хүчийг нэмэгдүүлэх зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх аж.
Тус эмнэлгийг анх 1992 онд гадаад мэргэжилтнүүд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан түүхтэй. Монголд улсад дурангийн хагалгааг нэвтрүүлсэн анхдагчдын нэг нь Орос эмнэлэг юм. Тухайн үеийн үйлдвэрийн удирдлагууд мэс заслын тасагт дурангийн хагалгаа хийх шийдвэр гаргаж, шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг худалдан авснаар үйлдвэрийн ажилчдад болон Орхон аймгийн иргэдэд дурангийн хагалгаа хийж эхлэн, олон хүний амь нас, эрүүл мэндийг аварсан байна. Орос эмнэлэг өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор хоёр сая гаруй өвчтөнд эмчийн үзлэг, 20 мянга орчим мэс ажилбар, 800 мянга гаруй хүнд эмнэлгийн үзлэг оношилгоо хийжээ.
Орос эмнэлгийн Ерөнхий эмчийн үүрэг гүйцэтгэгч, хүүхдийн эмч Е.Г.Маганова: “Манай эмнэлгийн 30 гаруй жилийн түүхэнд маш олон нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч нар ажилласан. Тухайлбал, мэс засал-гэмтэл, мэдээгүйжүүлэгчийн, сэхээн амьдруулахын, дотрын, хүүхдийн, эмэгтэйчүүдийн, шүдний, чих-хамар хоолойн, нүдний, мэдрэлийн эмч гэх мэт. Манай эмнэлэг амбулаторийн үзлэг, мэс засал болон дотрын хэвтэн эмчлүүлэх тасаг, яаралтай тусламжийн тасаг, ерөнхий болон биохимийн шинжилгээ хийх лаборатори, рентген зураг авах, физик эмчилгээ хийх зэрэг эмнэлгийн олон төрлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлж ирсэн. Мэргэжлийн эмч нарийн ажил бол юмыг олон талаас нь эргэцүүлэх, зөв шийдвэр гаргах ур чадвар шаарддаг. Өнөө үед ч бид иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө эмнэлгийн найдвартай тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлсээр байна. Гадаад мэргэжилтнүүдийн тоо буурсан ч өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ шаардлагатай хэвээр байгаа. Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс орос эмнэлгийн хамт олонд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллах үүрэг даалгавар өгсөн. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн менежментийг шинэчлэн сайжруулах саналуудыг боловсруулж, уг төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.















