Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-ын удирдлага, худалдан авах ажиллагаанд шууд оролцдог ажилтнууд авлигын эсрэг сэдвээр “номын дуу” сонслоо. Тус сургалт нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д зааснаар “Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” гэж заасны дагуу үйлдвэрийн удирдлага, худалдан авах ажиллагааны ажилтнуудад авлигын эсрэг хууль тогтоомжийг танилцуулж, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Сургалтыг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс тавьсан саналын дагуу Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс тусгай хөтөлбөр боловсруулан, зохион байгуулав. Энэ үеэр төрийн өмчийн оролцоотой компаниуд авлигаас хэрхэн урьдчилан сэргийлэх, авлигад эрсдэлтэй албан тушаал гэж юу болох, цаашид өөрийн хамаарал бүхий хүмүүсийн томилгоо болон захиран зарцуулалттай холбоотой хөрөнгө оруулгын мэдүүлэг тайлбарыг хянах, хугацаанд нь зөв гаргах, нийтлэг гардаг зөрчил дутагдлын шалтгаан зэрэг чиглэлээр арга зүйн зөвлөмж өглөө. Мэдээж, авлигатай тэмцэнэ гэдэг нь дан ганц авлигатай тэмцэх байгууллагын чиг үүрэгт хамааралтай биш бүх нийтийн оролцоонд тулгуурлаж хийх ажил. Тиймээс Эрдэнэт үйлдвэрт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх бодлого болон удирдлагын манлайллыг хэрхэн яаж үзүүлэх вэ гэдгийг сургалтын агуулгад түлхүү оруулж ирсэн гэдгийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн онцлов.
Авлигатай тэмцэх газраас 2023 оны сургалт хөтөлбөрийг тухайн байгууллагын авлигын эсрэг тэмцэх ажлын төлөвлөгөөнд тусгуулжээ. Ингэснээр сургалт авах хүсэлт ирүүлсэн, эсвэл хэрэгцээ шаардлагатай байгууллагуудад үе шаттай сургалт зохион байгуулах боломжтой юм. Мөн зөвхөн сургалт зохион байгуулах биш сургагч багш нарыг бэлтгэхийг зорьж, он гарсаар нийт 20 гаруй сургагч багш бэлтгэжээ.















