Чанарын хяналтын хэлтсийн Түлшний лабораторид 17кг жинтэй хийн баллоныг гурван давхрын шатаар дээш, доош зөөвөрлөх тэргэнцэр бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Энэхүү зөөврийн тэргэнцрийг тус хэлтсийн Хэмжил зүйн товчооны нарийн хэмжүүрийн засварчин Ц.Энхтөр санаачлан хийсэн бөгөөд ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчлөн, осол авааргүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэв. Тэргэнцэр нь гурвалжин байрлалд холбосон зургаан дугуйтай, суурийг нь зориулалтын боолтоор цоолж бэхэлсэн, чирэх бариул нь хүний өндөрт тохирсон хэмжээтэй, зөөлөвчтэй, тээвэрлэх явцад баллон унахаас сэргийлсэн ременэн бүслүүртэй юм. Уг тэргэнцрийг ашигласнаар хөдөлмөр хөнгөвчилж, ажилтны эрүүл мэндийг хамгаалан, ажлын бүтээмж нэмэгдэж, цаг хугацаа хэмнэхээс гадна ажлын байрны эрсдэл буурна. Чанарын хяналтын хэлтсийн түлшний лаборатори нь ДЦС-д нийлүүлсэн технологийн нүүрс, үнс, шааригт шинжилгээ хийдэг. Нүүрсний илчлэг, хүхэр, чийглэг, үнслэг, дэгдэмхий бодисын агуулга тодорхойлох зургаан төрлийн тоног төхөөрөмжид сард 13-15 баллон азотын болон хүчилтөрөгчийн хий ашигладаг. Дууссан болон цэнэглэсэн баллоныг гурван давхрын лаборатори руу шатаар гаргах, буулгах ажлыг өмнө нь биеэр гүйцэтгэдэг байв. Хийтэй баллоныг шатаар дээш, доош гараар зөөх үед халтирах, бүдэрч унах, баллонд цохигдож ажилтны эд эрхтэн гэмтэх, цаашлаад тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй. Иймээс хүчилтөрөгч, азотын баллонтой ажиллах үед гарч болзошгүй эрсдэлээс сэргийлсэн тэргэнцэр хийсэн нь шинэлэг ажил боллоо. Мөн засварчин Ц.Энхтөр нь Эрдэнэт үйлдвэрийн Сайн саналын системийн 100 манлайлагчийн нэг бөгөөд нүүрсний илчлэг тодорхойлох төхөөрөмжийн тагийг чангалж, султгах түлхүүр санаачлан хийжээ.
Зөөврийн тэргэнцэр үйлдвэрлэлд нэвтрүүлэв
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1















