Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гарагийн шуурхай зөвлөгөөний эхэнд, Эрчим хүчний яам, ШУТИС-ийн хамтарсан зөвлөлийн шийдвэрээр Монгол Улсын “Зөвлөх инженер”-ийн болзол хангасан Цахилгаан цехийн дарга Г.Цогт-Очир, Эрчим зүйн хэлтсийн ахлах эрчим зүйч С.Баянбат, Эрчим зүйн хэлтсийн мэргэжилтэн Н.Энхжаргал, Чанарын хяналтын хэлтсийн эрчим зүйч Ш.Наранбаатар, Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ, Баяжуулах үйлдвэрийн инженер М.Лхагвасүрэн нарт батламжийг гардуулан баяр хүргэлээ. Шуурхай зөвлөгөөн уламжлал ёсоор үйлдвэрлэлийн явц, төлөвлөгөөний биелэлт болон бүтцийн цех, нэгжийн үйл ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл солилцов. Цаг үеийн болон цаашдын зорилт, төлөвлөгөө, тулгамдсан асуудлуудыг онцолж, Ерөнхий захирал цех нэгж, газар хэлтсийн удирдлагуудад чиглэлийн дагуу үүрэг даалгавар өгсөн юм.
“АМТТАЙ” ГЭХ УСАНД ХОЁР УДААГИЙН ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ХЭВИЙН БОЛОХЫГ БАТАЛГААЖУУЛЛАА
Өнгөрсөн долоо хоногт гарсан “амттай” гэх усны асуудлыг шийдэж, шалгалтын мөрөөр 2500 гаруй усыг ажлын байрнаас эргүүлэн татаж, нийлүүлэгч компанид хүлээлгэж өгсөн байна. Эл усанд усны үйлдвэрийн технологийн шугамаас усны дээж авч, дахин хоёр удаагийн лабораторийн шинжилгээ хийхэд хэвийн хариу гарсан бөгөөд энэ долоо хоногоос түгээх, нөхөж олгохоор ажиллаж байгааг ХАБЭА-н хэлтсээс мэдээллээ. Үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр, ямар нэг аюул эрсдэлийн зөрчилгүй ажилласан бөгөөд ажилчдын хамгаалах хэрэгсэл, ажлын хувцсыг тогтмол олгож байна. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр ХАБЭА-н сургалтад шинээр ажилд орсон 37, гаднын байгууллагын 170 гаруй хүнийг хамруулжээ. Энэ долоо хоногт ХАБЭА-н 4-р шатны үзлэг Чанарын хяналтын хэлтэс дээр хийгдэнэ. Улс даяар өрнөж буй ХАБ-ын сарын аяны хүрээнд нийт 11 ажил зохион байгуулахаар төлөвлөсний 9 нь бүрэн хийгдсэн бол шинэ долоо хоногт үлдсэн ажлыг гүйцэтгэснээр сарын аяны ажлаа дүгнэх аж.
НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖИЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЖЭЭ
Өнгөрөгч долоо хоногт Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон үйлдвэрийн газрын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон 800 га талбайн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, техникийн нөхөн сэргээлтийг албан ёсоор эхлүүлсэн байна. Энэ жил Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1230 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдэх аж. Харин Орхон аймгийн тусгай хамгаалалттай Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд 2 га талбайг хашаажуулж, нөхөн сэргээх ажил эхэлжээ.
ЦАГААН ТООС ДАРАХ АСУУДЛААР ШИЙДЭЛД ХҮРНЭ
Энэ дөрөвдүгээр сар гарсаар цаг агаарын байдал тогтворгүй, салхины хурд 19-25 метр секунд хүрч шуурч байгаа нь цагаан тоосны дэгдэлт үүсгэх гол шалтгаан болсон байна. Цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар холбогдох бүтцийн нэгжүүд хамтран ажиллаж байгааг үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээлэв. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий захирал Г.Ёндон нөхцөл байдлыг тодруулж, цагаан тоосны асуудлыг зөвхөн хавар, намартаа яриад өнгөрөх биш, үр дүнтэй оновчтой арга зам, гарц шийдэл эрэлхийлэх шаардлага тулгарч байгааг онцлон, энэ асуудлыг хариуцдаг бүх бүтцийн нэгжүүдийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэст үүрэг болголоо.
“КОРНХОЛ” ШИНЭ СПОРТЫН ТӨРЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ НЭЭЛТ БОЛНО
Спортоор хичээллэгч ажилтнууд уурхайчдынхаа хүрээг өргөтгөх, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор сүүлийн үед дэлхий нийтэд хурдтай хөгжиж буй “Корнхол” гэдэг шинэ спортын төрлийг хөгжүүлэхээр бэлтгэл хангаж байна. Спорт цогцолборынхон дотоод нөөц бололцоогоо ашиглан шаардлагатай хэрэгсэл төхөөрөмжийг бэлдэж, шинэ спортыг сурталчилж, таниулах нээлтийн үйл ажиллагааг 4 дүгээр сарын 29-нд зохион байгуулна. Цех ,нэгжүүд идэвхтэй оролцож, шинэ спортын төрлөөр хичээллэхийг Спорт цогцолбороос уриаллаа.
“УРГУУЛДАГ” УУРХАЙ БУЮУ НОГООН АЛТ ОЙН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙ УГТАЖ ГУРВАН ТОМ ТУЛГУУР ТӨСЛИЙН ТЭЗҮ БОЛОВСРУУЛСНЫГ МЭДЭЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Эрдэнэт - 100 сая мод” 10 жилийн хугацаатай хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
“Эрдэнэт - 100 сая мод” хөтөлбөрийн хамгийн эхний зорилт болох Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нээж, хоёр дахь зорилт болох Хөрсний инноваци технологийн “Эрдэнэт” төвийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нээх, гурав дахь зорилт болох Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборыг 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ашиглалтад оруулах зорилго тавин ажиллаж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үндсэн дэд бүтэц болох, үр, хөрс, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх энэ гурван төсөл нь Ойн инновацийн “Эрдэнэт” парк болон өргөжих юм. Энэхүү 3 дэд бүтцийн байгууламж болох мод үржүүлгийн цогцолбор, үр, хөрсний төв байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг ойн салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэх, зөвлөгөө зөвлөмж авах, санал солилцох, гадаад улс орны мод үржүүлгийн дэвшилтэт, тэргүүлэх техник, технологийг нэвтрүүлэх, ойн салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулах хэлэлцүүлгийг 2023 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга доктор Б.Оюунсанаа, 54 ойн инженер үүнээс академич 1, доктор 12, нийт 80 хүн оролцсон байна. 2024 онд болох ойн салбарын 100 жилийн ойг угтаж 100 бүтээлч ажил хийхээр санаачилсан Ногоон хөгжил төслийн нэгжийн санаачилгыг зүйтэй гэж үзэж, ойн салбарын бусад байгууллагыг энэхүү санаачилгыг дэмжихийг уриалж “Эрдэнэтийн уриалга”-ыг гаргасан талаар Ногоон хөгжил төслийн нэгжийн дарга Я.Ариунзул мэдээлэв.
Энэхүү техник, эдийн засгийн үндэслэлтэй Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, холбогдох хэлтэс, газрын мэргэжилтнүүд танилцаж, санал бодлоо солилцох уулзалтыг Мягмар гарагт зохион байгуулахаар боллоо.















