“Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Тус ажлын хүрээнд ойн салбарын эрдэмтдийн санал, зөвлөмжийг авч, нэгдсэн дүгнэлтэд хүрэх зорилготой “ТЭРБУМ МОД - ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ” хэлэлцүүлгийг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” төслийн нэгж энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ үеэр ШУА-ийн судлаачдын боловсруулсан Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын ТЭЗҮ-г ойн салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон ШУА-ийн эрдэмтэд, “Монголын Ойчдын нэгдсэн холбоо”, Орхон болон Булган аймгийн БОАЖГ, мөн ойн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд, ойн инженерүүд зэрэг нийт 80 хүн оролцлоо.

“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсад анх удаа Ойн генетик нөөцийн "Эрдэнэт" төв, Хөрсний инноваци, технологийн "Эрдэнэт" төв, Мод үржүүлгийн цогцолбор зэргийг санаачлан байгуулж байгаа нь “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний үндсэн дэд бүтэц нь болж байгаа төдийгүй, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, экосистемд үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болж байгааг оролцогчид онцолж байв.
Монгол Улсын Ойн салбарын хөгжлийн 100 жилийн ой 2024 онд тохиох ба “Ногоон хөгжил” төслийн нэгжийн зүгээс уг ойг угтан 100 бүтээлч ажил төлөвлөсний эхний ажил нь “ТЭРБУМ МОД - ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ” хэлэлцүүлэг болж байгаа юм.















