“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цацрагийн хамгаалалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2023 оны төлөвлөгөөний дагуу Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Рентген шуурхай шинжилгээний лабораторид цацрагийн болзошгүй ослын иж бүрэн дадлага сургууль өчигдөр боллоо. Үйлдвэрийн цацрагийн үүсгүүр хэрэглэгч цех нэгжүүдээс ээлж дараалан аль нэг байгууламжийг нь сонгож, цацрагийн болзошгүй ослын дадлага сургуулийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Дадлага сургууль давамгайлсан энэхүү сургалтад ХМТАЦ-ийн ХАБЭА-н товчоо, ХАБЭА-н хэлтсийн Цацрагийн аюулгүй байдлын товчоо, Рентген, шуурхай шинжилгээний лабораторийн Цацрагийн хяналтын бүлгийн 10-аад ажилтан, Гал унтраах 058 дугаар ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо. Тэд онцгой нөхцөл байдлын үед нэн яаралтай арга хэмжээг түргэн шуурхай авч, хохирол бага гаргахын тулд мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахад суралцсан байна. Цацрагийн болзошгүй нэг эрсдэл нь цацрагийн бохирдол үүсэх бөгөөд бохирдол үүссэн голомтод хэрхэн ажиллах, түүнийг арилгах, бохирдсон хувцсыг зөв дарааллаар тайлах зэрэг чадамжуудыг мөн эзэмшжээ. Энэхүү дадлага сургууль нь мэргэжлийн анги болон байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.

























