Улсын физикийн 34 дүгээр олимпиад Говь-Алтай аймагт саяхан болж өндөрлөлөө. Олимпиадад Орхон аймгийг төлөөлж, багшийн төрөлд оролцсон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Ахлах сургуулийн физикийн багш Э.Амарбаясгалан гуравдугаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэн болжээ. Өмнө тэрээр Улсын олимпиадад мөн амжилттай оролцож нэг мөнгө, гурван хүрэл, хоёр удаа тусгай байрын шагналт хүртэж байсан юм.
Тус олимпиадыг Физикийн олимпиадын хороо, МУИС, ШУТИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар, Говь-алтай аймгийн боловсрол шинжлэх ухааны газар, аймгийн физикийн багш нартай хамтран зохион байгуулсан бөгөөд физикийн онол, туршилтын төрлөөр IX, XII анги, багш нар гэсэн ангиллаар зохион байгуулагдаж, 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргээс нийт 80 гаруй сурагч, 50 багш мэдлэг боловсролоороо өрсөлдлөө.
Дашрамд сонирхуулахад, зохион байгуулагч Говь-Алтай аймаг медаль хүртсэн багш болон хүүхдүүдээ тус бүр 15 сая төгрөгөөр, тусгай байрт шалгарсан хүүхэд, түүнийг бэлтгэсэн багшийг таван сая төгрөгөөр урамшуулсан нь Улсын физикийн олимпиадын түүхэн дэх дээд мөнгөн шагнал болжээ.



















