Олон улсын хөдөлмөрийн байгууллага жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” хэмээн зарлан тэмдэглэдэг. Энэ өдрийг дэлхий дахинд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаа “Эрүүл, аюулгүй ажил - бидний суурь эрх” уриан дор тэмдэглэж байна.
Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн ХАБЭА хариуцсан мэргэжилтнүүд багийн зохион байгуулалтаар ажилладаг бөгөөд Баяжуулах үйлдвэр, Засвар, угсралтын цех болон Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн хамтарсан “Баяжуулагч” баг сарын аяны хугацаанд таван чиглэлээр 15 ажил хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн ХАБЭА-н товчооны дарга Д.Бат-Эрдэнэ, Засвар, угсралтын цехийн ХАБЭА-н инженер К.Нурбахыт нар анхан шатны удирдах ажилтнууд, уурхайчдын дунд ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартын талаар болон үйлдвэрлэлийн аюултай тохиолдол, осол гэмтлээс сэргийлэх, ХЭМАБ-ын урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх сургалт, чөлөөт ярилцлага зохион байгууллаа. Мөн Монголын Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоо ТББ-ын Орхон салбар МОШПА тугийг аж ахуйн нэгж, албан байгууллагуудад аялуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Засвар, угсралтын цехэд МОШПА туг аялсан бөгөөд энэ үеэр МОШПА ТББ-ын Орхон салбарын тэргүүн, Цацрагийн хяналт, аюулгүй байдал хариуцсан Тэргүүлэх инженер Ц.Оргил тус цехийн анхан болон дунд шатны удирдах ажилтнуудад олон улсын ХЭМАБ-ын шинэ стратеги болох “Vision Zero” буюу ослыг тэглэх алсын хараа, хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс зэрэг олон улсын ХЭМАБ-ын тэргүүн менежментийн талаар мэдлэг ойлголт олгох, хэрэгжүүлэх арга зүйн сургалт явуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.















