“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа, холбогдох мэргэжилтнүүдийн хамт тус үйлдвэртэй хамтран ажилладаг арилжааны банкнуудын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.
Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Голомт, Хас, ХААН, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Богд, Капитрон зэрэг арилжааны банкнууд Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан, хамтран ажилладаг бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдад санхүү зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж байна.
Уулзалтын зорилго нь зарим арилжааны банктай байгуулсан гэрээний хугацаа дууссан тул хоёр талын зөвшилцлийн дагуу сунгах, гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад хамгийн сайн нөхцөлтэй бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхэд чиглэв.
Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн ажилтнуудад банкнаас үзүүлж буй орон сууцны ипотекийн зээл, хэрэглээний болон цалингийн зээлийн хүүг хамгийн бага түвшинд барих саналыг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс банкны удирдлагуудад тавилаа. Хэдийгээр Монгол банкны бодлогын хүүг дагаж, арилжааны банкны зээлийн хүү өсдөг ч хамгийн олон харилцагчид бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй үзүүлэхийг Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа онцолсон.
Иймээс арилжааны банкнууд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад олгож буй цалингийн зээлийн хүүг 1 хувиас хэтрүүлэхгүй байх, тогтвортой барих бодлогыг хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх, үйлдвэрийн ажилтнуудын ээлжийн ажлын онцлогт тохируулан ипотек болон бусад зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ цахим банкнаас гадна үйлчилгээний цагийн хуваарьтаа уян хатан өөрчлөлт оруулах, өөрсдийн бүтээгдэхүүн тухайлбал, өрхийн болон бусад бичил бизнесийн зээл, хуримтлалын талаар ажилчдад цуврал мэдээлэл өгч байхаар ярилцлаа.
Эдгээр саналуудыг хэрэгжүүлэх, арилжааны банкнууд илүү сайн нөхцөл боломж, арга замаа нэгтгэн, боловсруулж Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэст ирүүлэн, ирэх 7 хоногт эцэслэн шийдэлд хүрэхээр болов. Энэ удаагийн уулзалт нь Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хамтын ажиллагаатай ажилладаг арилжааны банкны төлөөллүүдтэй хийж буй хоёр дахь удаагийн уулзалт юм.















