“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт зохион байгуулсан “Усны тоолуур” сэдэвт сургалтад аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК, “ЭДЦС” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд оролцлоо.
Сургалтын зорилго нь хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх, хот суурин газрыг ундны цэвэр усаар хангагч байгууллага өөрсдийн ус дамжуулах процесс, усны тоолуурын найдвартай ажиллагаа, иж бүрэн хяналтын системийн талаар хэрэглэгч байгууллагад мэдээлэл өгч, байгууллага хоорондын зөрүүтэй ойлголтыг арилгахад чиглэгдсэн юм.
Уг сургалтын үеэр Үйлдвэрийн газрын Чанарын хяналтын хэлтэс, Цахилгаан цех, Ус хангамжийн цех болон Орхон аймгийн Стандарт, Хэмжил зүйн мэргэжилтнүүд усны тоолуурын хууль эрх зүйн асуудал, цэвэр ус хангамжийн процесс, усны тоолуурын орчин үеийн чиг хандлага, шингэний зарцуулалтыг хэмжих арга, хэмжлийн алдаа, усны алдагдлын талаар дэлгэрэнгүй мэдээл хийж, санал бодлоо солилцлоо.















