“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Хөрсний инноваци, технологийн “Эрдэнэт” төвийг удахгүй ашиглалтад оруулахаар бэлтгэл хангаж байна. “Ногоон хөгжил” төслийн нэгжийнхэн Ил уурхайн хуулсан хөрсийг төвдөө татаж, органик хаягдлаар вермикомпост үйлдвэрлэх, ургамлын ашигт микоризоор баяжуулах, “чийгийн улаан” үржүүлэн шимт хөрс бэлтгэх, бууц, үртсээр ялзмагжуулан органик бордоо хийхээр бэлтгэжээ. Одоогоор есөн тонны саваар чийгийн улаан хорхой, найман тонны саваар компост бордоо зэхээд байна. Мөн үйлдвэрийн ажилчдын хүнсний ногоо, жимсний хаягдал, оффисын цаасны үртэс, модны навч, станцын үнс, цэвэрлэх байгууламжийн лаг зэргийг ашиглан органик бордоо бэлтгэхээр татаж эхэлжээ. Тус төв гурван сарын хугацаанд нэг тонн хөрс үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. Эхний бэлтгэсэн хөрсөө Хангалын гол дагуух бургасны тарилт болон говийн мод тарилтад ашиглана гэж Хөрс хариуцсан ойн инженер Г. Чинзориг ярилаа.
Хөрсний инноваци, технологийн “Эрдэнэт” төв ашиглалтад орсноор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд тулгамдаж буй хөрсний асуудлыг шийдвэрлэх, үржил шимийг сайжруулах, импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, цөлжилт болон хог хаягдлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолж байна.















