Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт зочилж, тус үйлдвэрийн Ил уурхайг үзэж сонирхлоо. Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яамны Худалдааны төлөөлөгч Кадыр Жейлан, ажилтан З.Цэрэндулам нарын хамтаар хүрэлцэн ирсэн түүнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга С.Энхмандах, Гадаад худалдаа экспортын хэлтсийн дарга Я.Пүрвээ нар хүлээн авч уулзан, үйлдвэрийн үйл ажиллагаа, зорилтын талаар танилцуулж, санал солилцов.
“Энэ онд Эрдэнэт үйлдвэрийн хувьд онцлог жил. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах Орос, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсны 50 жил, Эрдэнэт үйлдвэр анхны баяжмалаа экспортод гаргасны 45 жилийн түүхэн ой энэ онд болно. Анх 30 жил ажиллах хэтийн төлөвтэй ашиглалтад орж байсан бол эдүгээ дахин 60 жил ажиллах нөөцтэйг тогтоож баталгаажуулан, ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр, улс орон нутгийн өмнө нийгмийн хариуцлагын олон ачааг үүрч байгаагийн хувьд жил ирэх тутам ордын нөөцөө нэмэгдүүлж, насжилт уртсах ёстой гэсэн байр суурийг баримталдаг” хэмээн цаашдын зорилт, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар Ерөнхий захирал Г.Ёндон уулзалтын үеэр Элчин сайд Зафер Атешт танилцууллаа. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр болон Турк улсын хоорондын хамтын ажиллагаа өргөжиж, тэр тусмаа үйлдвэрийн ажилтнуудыг тус улсад сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтрах талаар саналаа хэлэв. Сүүлийн жилүүдэд Турк, Монгол улсын иргэний агаарын тээвэр хөгжлийн шинэ түвшинд гарч, Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Монголд зочлох жил” хөтөлбөрийг бүх талаар дэмжин ажиллаж буйг Элчин сайд Зафер Атеш онцлон, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд Турк улсад суралцах боломж бүрэн дүүрэн нээлттэй гэдгийг санал солилцох үеэр дурдлаа.
Энэ удаагийн айлчлалын зорилгын талаар Элчин сайд Зафер Атеш хэлэхдээ, “Миний бие Турк улсаас Монгол улсад суух Элчин сайдаар томилогдоод 2 жил болж байна. Цаашид хоёр жил ажиллах үүрэгтэй. Энэ хугацаанд Монгол улсын хөдөө орон нутгийн удирдлагуудтай биечлэн уулзаж, тухайн бүс нутгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах санал бодлоо солилцохыг чухалчилдаг. Энэ хүрээнд өнөөдөр Эрдэнэт хотод хүрэлцэн ирлээ. Эрдэнэт хот бол төвийн бүсийн хөгжингүй том хот. Хүн амын тоогоороо ч нийслэлийн дараа ордог хоёр дахь том хот төдийгүй дэргэд нь уул уурхайн салбартаа тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэр бий. Тус үйлдвэртэй хамтарч ажиллах боломжийг эрэлхийлэх үүднээс энэ удаагийн томилолтоо Орхон аймагт хийж байна” гэж тодорхойлсон юм. Тэрээр эл өдөр Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай болон түүхэн музейг үзэж сонирхов.















