“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цех хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO30400:2018 багц стандартын хэрэгжилтийг хангах, баг хамт олноороо хөгжих боломжийг бүрдүүлэх, ажилчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, багийн ажиллагааг сайжруулах зорилгоор “Стандартад нийцсэн хамт олныг бүрдүүлье” уриан дор хоёрдугаар улиралд сонирхолтой, үр дүнтэй олон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний нэг нь нийт ажилчдыг хамруулсан “Ёс зүй-Ёс зүйт манлайлал” сургалт юм. Энэхүү сургалт өнөөдөр Ерөнхий захиргааны III байранд болж, ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид хувийн манлайлал, ёс зүйт манлайлал сэдвийн хүрээнд зан чанар, харилцаа хандлага, ур чадвар, ажлын байрны ёс зүй, манлайллаа хэрхэн хөгжүүлэх талаар “номын дуу” сонсож, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ. Сургалтын зөвлөх багшаар хувийн хөгжлийн көүчинг, менторинг, сэтгэл судлаач Г.Батханд ажилласан юм.
Тус цех аяны хүрээнд хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO30400:2018 багц стандартын мэдлэг, мэдээллийг нийт ажилтанд хүргэх сургалт, “Өглөөний ХАБ” зохион байгуулах, инженер техникийн ажилтнуудын баримт бичгийн боловсруулалтыг сайжруулах, ажилтнуудын чадамжийн түвшинг тодорхойлох, сэтгэл ханамж, эрүүл мэнд, байгууллагын соёлын судалгаа авч, үр дүнг тооцох зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм.















