“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтсийн Хэмжил зүйн товчоо нь Үйлдвэрийн газрын хэмжээнд Хэмжил зүйн тухай хуулийг хэрэгжүүлэн, Үндэсний итгэмжлэлийн төвөөс олгосон итгэмжлэлийн хүрээний дагуу хэмжлийн 7 төрлөөр шалгалт, засвар тохируулга, хяналт тавин ажилладаг. Түүнчлэн хөдөлгөөний параметрийн хэмжлийн төрлөөр итгэмжлэлийн хүрээгээ нэмж, бага оврын салхи үүсгэгч ашиглан анемометрт шалгалт тохируулга хийжээ. Тус төхөөрөмжөөр Өргөн тээвэрлэх машин механизмын том халбаган сэнс бүхий датчиктай анемометрийг шалгах боломжгүй тул газар дээр нь эталон анемометртэй харьцуулж, хяналт тавин ажилласан байна. Энэ нь шалгалт тохируулгын стандартын шаардлага хангахгүй, алдаа ихтэй, эрсдэлтэй ажил байв. Уг асуудлыг Хэмжил зүйн товчооны гурван ажилтан санаачилга гарган, бүтээлч ажлын үр дүнд бүрэн шийдэж, 20 м/с хүртэл салхи үүсгэх хүчин чадал бүхий төхөөрөмжийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Анемометр нь салхины хурдыг хэмжиж, салхины хурд зөвшөөрөгдсөн хэмжээнээс ихэссэн тохиолдолд дохио өгснөөр ажлыг зогсоож, болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй кранд суурилагдсан төхөөрөмж юм. Улмаар ээлжит болон ээлжит бус шалгалт тохируулга хийснээр анемометрийн зөв, найдвартай ажиллагааг хангаж, кран унах эрсдэлийг бууруулж, ажилтны эрүүл мэнд, ам насыг болзошгүй эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой ажээ.
















